Монголын мэргэжлийн йогийн спортын холбооны ерѳнхий нарийн бичгийн дарга, “Намастэ”йогийн олон улсын сургуулийн багш С.Уянгатай ярилцлаа. Тус холбооныхон йогийг бүх нийтийн спорт болгон хөгжүүлэхээр зорьж буй. Тэд олон улсын йогийн спортын холбоонд гишүүнээр элсч Монголд анх удаа йогийн спортын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах цор ганц эрхийг аваад байгаа юм. Түүнтэй тус тэмцээний тухай болон йогийн талаар яриа өрнүүллээ.


-Йогийн спорт жирийн йогоос юугаараа ялгаатай вэ?

-Йог 5000 жилийн өмнө Энэтхэг улсад үүссэн түүхтэй. Йогийн олон зам мөрүүд бий. Сонгодог зам мөр нь Патанжали хэмээх йогийн судар юм. Түүнд бичигдсэн 8 мөчрийн дагуу хийгддэг Ража йог нь өдгөө та бидний мэдэх Аштанга, Виняаса, Хатха, Акро, Агаарын йог зэрэг маш олон төрөл болж хөгжсөн. Харин йогийн спортын төрөл нь 400-аад жилийн өмнөѳс бие даан хөгжиж байгаа. Цаашид олимпын спортын тѳрѳлд орох нь гарцаагүй гэж бид боддог. Олимп бол тухайн спортыг хэрхэн ѳндѳр чанартай хийж байгаагаараа уралддаг. Тэгвэл асана буюу йогийн дасгалыг хэрхэн тѳгс хийж, бие сэтгэл, оюунаа хэрхэн нэгдүүлж чадаж байгаагаа батлан харуулдагаараа  энэ спорт ялгарна.


-Спортын йогийн ач тусыг нэрлэвэл?

-Спортын йогийн гол зорилго нь бүх нийтэд йогийн спортын ач холбогдлыг таниулах. Энэ спорт хүнийг зѳв тѳлѳвшүүлж, тэсвэр тэвчээртэй, тууштай, үнэнч шударга, багаар ажиллах бүхий л сайхан чанаруудыг суулгаж ѳгдөг. Йогийг сонирхож хийдэг байсан бол мэргэжлийн түвшинд спорт маягаар хийвэл илүү их үр шимийг нь хүртэнэ. Йог хийхэд хүчлэхгүй хийх гэдэг ойлголт бий. Энэ дүрэм йогийн спортын хувьд ч ижил. Гэхдээ өөрийнхөө эгог дэмжих биш төлөвшиж буй ухамсараа йогийн дасгалаар, йогийн спортын тэмцээнээр батлан харуулж буй үзэгдэл юм. 

Йог хийж байхад хүний ухамсарын савалгаа намждаг. Элдэв бодолд сатаардаггүй гэсэн үг. Учир нь йогоор хичээллэхэд хүний бие, сэтгэл, ухаан 3 нэгдэж байдаг юм. Нэгэнт ингэж төвлөрөөд сурчихвал тухайн хүний үйл хэрэг, бүтээмж аяндаа ѳсдѳг. 


-Энэ тэмцээнд оролцогчдод насны хязгаар бий бий юу?

-Тэмцээн маань йогоор хичээллэдэг хүн бүхэнд нээлттэй. Хүүхэд11 наснаас эхэлж ѳсвѳр насанд ѳрсѳлдѳх боломж бүрдэнэ. Өсвөр буюу 11-17 нас, насанд хүрэгчид буюу 18-аас дээш насныхан, ахмад буюу 50-иас дээш гэсэн 3 насны ангилалтайгаар 2 үе шаттайгаар явагдана. Насны хязгаар гэж байхгүй. 

 -Ер нь йогоор хичээллэхийн давуу талыг дурьдвал?

-Юун түрүүнд стрессээ зөв тайлж сурна. Бас давхар биеийн хөдөлгөөн хийснээр өвчин эмгэгээс сэргийлдэг. Харвардын их сургуулийн судлаачид өвчний 80-аад хувь нь уур бухимдлаас үүдэлтэйгээр эхлээд тархинд үүсдэг болохыг баталсан байдаг юм билээ. Йогоор хичээллэсэнээр тэр тархинд хуралдсан ядаргаа стресс тайлагдаж, юмыг илүү бодитоор харна. Ингэж харсан хүн одоо цаг дээрээ тайван амгалан сэтгэл хангалуун амьдарна. Гэхдээ би ийм болно гэж үр дүнд тулгуурлахаасаа илүү йог хийхдээ анхаарлаа хандуулж хичээллэх нь чухал. 



-Йогийн спортоор хичээллэхэд йогийн философи чухал гэж үздэг. Яагаад?

-Философийг нь сайн ухаарахгүйгээр йогийн спортоор хичээллэх боломжгүй. Учир нь юу хийгээд байгаагаа сайн ухаарахгүй хийхийг эрүүл хүн лав ѳѳртѳѳ зѳвшѳѳрѳхгүй шүү дээ. Йогийн философи их энгийн. Бусад философийг бодвол тэр үзэл баримтлалаа амьдралдаа хэрэгжүүлэхэд ялгаа нь оршиж байдаг. Жишээ нь йог хийхэд үр дүнд тулгуурлах бус үйл явцдаа тулгуурлана гэдэг ойлголтыг амьдралдаа, йог хийж байхдаа дагаж мѳрдѳх юм. Үүнийг л йогийн философи гээд байгаа юм. Жишээ нь үнэн байх гэдэг нь йогийн философийн үндсэн дүрэм. Иймээс йог хийхдээ хүн тэр ѳдѳр сунгалт муутай эсвэл ядарсан бол ѳѳрийгѳѳ хүчлэхгүй. Харин өөрийн биеэ хүндлээд аажуухан хийх жишээтэй. Үүгээрээ л йогийн спорт бусад спортоос ялгаатай.


-Йогоор хичээллэж үр хүүхэдтэй болсон, нурууны өвчнөөс салсан хүмүүс байдаг гэсэн. Гол нөлөөлж байгаа зүйл нь юу вэ?

-Йог хүний биеийн бодисын солилцоог сайжруулж гормоныг тэнцвэржүүлж ѳгдѳг. Бид асар хурдацтай хөгжиж буй нийгэмд аж төрж, тэр хэрээрээ бидний бие, ухаан сэтгэл асар ихачаалалтай амьдарч байна. Бас бидний хүрээлэн буй орчин бохирдсон, идэж буй хоол хүнс маань ч ямар нэг байдлаар химийн гаралтай хольцтой. Энэ бүхэн хүний гормоны тэнцвэрийг алдагдуулж улмаар үргүйдэл үүсгэж байна. Мэдээж хѳдѳлгѳѳний дутагдал, стресс бүгд л нөлөөлж буй. Тэр болгоныг йогийн дасгал, амьсгалаар дамжуулан биеийг тэнцвэрт байдалд оруулдаг юм. Ингэснээр хүүхэд олдоггүй эмэгтэйчүүд хөл хүнд болох нь хамгийн наад захын зүйл.  Нуруу, биеийн уян хатан байдалд йог гайхамшигтай сайнаар нөлөөлнө бас зүрх судас, судас хатуурах өвчинд нэрвэгдэхгүй гээд йогаар хичээллэхийн давуу талыг дурьдаад байвал их. 


-Йог хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Орчин үед анхаарал сарнилтын эмгэгтэй хүүхэд цөөнгүй болсон. Энэ нь өнөө л ухаалаг хэрэглээ хэт ихэссэнтэй холбоотой. Интернэт, телевиз, гар утас гээд хүүхэд байтугай томчууд ч дотогшоогоо төвлөрч чадахааргүй хөдөлгөөнтэй нийгэмд биш аж төрж байна. Энэ бүхэн хүүхдийн анхаарал төвлөрөлт, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буйг олон судалгаа баталж байна. Үүнд хамгийн сайн тусладаг зүйл бол йог юм. Их Британийн дунд сургуульд гэхэд анхаарал тогтоох бясалгалыг зааж байна. Манай “Намастэ” олон улсын иогийн сургуулийнхан хэд хэдэн сургуультай хамтарч ажилладаг.

Йог нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг идэвхжүүлж стресс ядаргааг тайлах эерэг нөлөөтэй. Аль болох багаасаа хичээллэх нь хүүхэд өөрийгөө таньж мэдэхэд тусалж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг.  Нөгөө талаар өрсөлдөх спортоор бус йогоор хичээллэх нь хүүхдийг энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй хүн болгодог давуу талтай. Амьсгалын дасгалын ачаар хүүхэд хичээл, сургуулийн ачааллаас ангижрах боломжтой.



-Хүүхэд иогоор хичээллэсний дараа яаж өөрчлөгддөг вэ?

-Бид хүчирхийлэлд өртсөн “Гүнж” төвийн хүүхдүүдэд зориулж сайн санааны ажил буюу иогийн сургалт явуулж байсан. Сургалтанд суусан хүүхдүүд сэтгэл санааны хувьд тайван, ѳѳртѳѳ итгэлтэй болсон шүү.

Хүүхдүүд эхлээд сууж чаддаггүй. Мэдээж тэднийг хүчээр суулгаж, загнахгүй. Харин  арга эвээр заадаг. Гэхдээ хүүхэд том хүнээс илүү хүлээж авдагаараа давуу талтай. Багш нар нь тухайн хүүхдийг йогт явсанаасаа хойш тогтож суудаг болчихлоо, анхаарал төвлөрөл нь эрс сайжирлаа гэдэг.  Йогийн зөв үндэс суурьтай хүүхэд ямар ч мэргэжил эзэмшээд явсан зөв хүн болж төлөвшдөг.


-Сүүлийн үед жингээ хаях зорилгоор йогоор хичээллэх нь нэмэгдсэн. Үүнийг та йогийн багш хүний хувьд хэрхэн хардаг вэ?

-Йогоор хичээллэж илүүдэл жингээ хаях боломжтой. Гэхдээ хурдан турахгүй. Аажуухан боловч зөв аргаар илүүдэл өөх нь хайлж, булчингийн масс нэмэгддэг. 

Хамгийн гол нь йогоор хичээллэсэн хүн эрүүлждэг. Эрүүлжсэн хүний гаднах энерги зөв болно шүү дээ. Жишээ нь нуруугаа бөгтийлгөдөг хүний зүрхний хүрд нь хаагдчихсан байдаг. Хэрэв үүнийг засвал хүнтэй харилцах харилцаа, цаашлаад гэр бүлийн уур амьсгал хүртэл зөөлөрнө. Ер нь оюун санаа, тархин дахь мянган бодлоо цэгцэлж сурна гэсэн үг. Ингэснээрээ хүн цаанаасаа зөв болоод ирдэг. Гол нь өөрт өөртөө цаг зав гаргаж, зөв газраа хичээллэх л чухал. Йогоор хичээллээд техникийг нь сурчих юм бол заавал аль нэгэн газар очиж цагаа гарздах хэрэггүй болноӨглөө босоод гэртээ, амарч явахдаа байгаль дээр гээд хаана ч хийчихнэ. 


-Эрэгтэйчүүд хэр ханддаг вэ?

-Нийгмээрээ йогийг сайхан бүсгүйчүүд, цаг завтай нь хийдэг зүйл гээд ойлгочихсон нь буруу. Йогоор хичээллэж уян хатан байдлаа сайжруулсан хэн ч уран нугараач шиг болж болно. Иогад боломжгүй зүйл байдаггүй.

Монгол эрчүүдийн дундаж наслалт дөнгөж 65 байна. Тиймээс харин ч йогоор түлхүү хичээллээсэй гэж боддог. Цээжиндээ хуримтлуулсан зүйлсийг гаргаж байж өвчлөл багасна. Сүүлийн үед хандах эрчүүдийн тоо нэмэгдэж байгаа.


-Зарим хүмүүс youtube-ээр харж йогоор хичээллэдэг. Ингэж хичээллэх нь хэр үр дүнтэй вэ?

-Харахад амархан юм шиг боловч йог хүний бие махбодид маш нарийн нөлөөтэй. Зарим хүмүүс youtube-ээр харж байгаад амьсгалаа түгжин буруу техникээр хийж судас шөрмөсөө хүчилж гэмтээх нь бий. Гэтэл дасгал болгон зөв амьсгалтай. Зөв хийж байж л йог болно. Тиймээс йогийн дасгалыг заавал зөв төв дээр, сайн багштайгаар эхлээд цаашаа хичээллээрэй гэж зѳвлѳмѳѳр байна. 

-Нөгөө талаас йогаар хичээллэвэл хэт мөлгөр, номхон хүн болно гэж ярьдаг. Энэ хэр үнэний хувьтай бол?

-Хүний дотоод ухамсар, таван мэдрэхүйгээ дотогшоогоо хандаж чадвал хүн улам л хүчирхэгжээд би гэдэг үзэл нь байхгүй болно. 

Амьдрал дээр мэдэхгүй тусам хүн онгироо, хийрхүү харагддаг. Харин мэдэх тусам өөрийгөө болоогүй байгаа шүү гэж бодно. Йогийн дасгал хийж байхад чадахгүй тусам хүн мэрийгээд өөрийгөө мэдэрдэг. Ингэснээр өөрийгөө таниж мэдэх чадвар нь маш сайн хөгждөг. Тэр чинээгээрээ илүү бодь сэтгэлтэй, зөв хүн болж төлөвшинө. 

-Йогоор хичээллэх үед хоолны дэглэм, өдөр тутамдаа дагах ёстой дүрэм гэж байх уу?

-Йогаар хичээллэж байхад нарийн хоолны дэглэм барих эсэх нь тухайн хүнээс шалтгаална. Аюурведын анагаах ухаанд тухайн өдрийн, улирлын онцлог, хоолны дэглэм, зан үйл, мэдрэхүйгээ зохистой ашиглах талаар зааж өгсөн байдаг.  Аюурведэд тэмдэглэснээр саттвик /хөнгөн/ хүнсэнд ихэнх жимс ногоо, шар тос, шош, бүхэл үрийн хүнсний бүтээгдэхүүнүүд орно. 

Харин эсрэгээрээ ражасик /хүнд/ хүнсэнд кофе, улаан перец, давс зэргийг нэрлэдэг. Эдгээр нь хүнийг залхуу, хойрго эсвэл маш идэвхтэй болгодог талтай. Гэхдээ бие сэтгэл, хөнгөн байхын тулд зөвхөн саттвик хүнс хэрэглэ гэсэн үг бас биш шүү.


-Биеийн төлөвөөс хамаарах нь ээ?

-Тэгэлгүй яахав. Хий, шар, бадгана зэргээс шалтгаалаад хүн бүрийн тэнцвэртэй хоолны дэглэм, хэрэглэвэл зохих хүнсний бүтээгдэхүүн өөр өөр байна. Мөн үүнийгээ дагаад эрүүлжүүлэх эмчилгээ сувилгаа нь ч тусдаа. 

Үнэндээ Аюурведийн үндсэн зарчим нь эмийн ургамал, хоолны дэглэм, бясалгал, дасгал, сэтгэлзүйн эмчилгээ гэх мэт эрүүл мэндийг сэргээж, бие махбодийг тэнцвэржүүлэхэд шаардлагатай эмчлэх аргуудыг хэрэглэхэд оршдог тул дан ганц хоолны дэглэмийг энэ бүхнээс салгах аргагүй байдаг.