Энэ дугаараас эхлэн хоёр зочноо ярилцуулах хэлбэрээр “Peak today” булангаа хөтөлж байна. Өнөөдрийн зочин бол бизнес эрхлэгч А.Чимэд-Очир. Нийгмийн сүлжээнд Chimedochir Anaad нэрээрээ танил болж үзэл бодлоо хуваалцдаг тэрбээр Монголын биеийн тамирын хувцасны зах зээлийн ихэнхийг хангадаг "Monline” спорт хувцасны үйлдвэр ажиллуулж байна. Бодибилдингээр хичээллэдэг таван ч компани зэрэг удирддаг, амьдралын арвин түүхтэй энэ эрхэм ярилцагчаа Бодибилдингийн спортын улсын аварга, Хотын аварга,Бодибилдинг фитнесийн дэлхийн аваргын модел ангилалын мөнгөн медальт тамирчин Б.Мөнхзулыг сонгож урьсан юм. Энэ бүсгүй МУИС-ийн Математикийн компьютерийн сургууль төгссөн ч эрүүл мэндийн шалтгаанаар спортоор хичээлллэж эхэлжээ. Б.Мөнхзул хоёр жил зургаан сар фитнесээр хичээллэж улсын аварга болж байсан түүхтэй нэгэн. Одоо хувийн эрүүл амьдралын хэв маягийн хувийн зөвлөх хийдэг.


-А.Ч: Бодибилдингээр хичээллэж байгаа хүмүүс булчинтай болохын тулд өнөөдөр 100 шахсан бол маргааш нь заавал ахиулах гээд байдаг талтай. Ер нь олон кг шахсанаараа булчингаа томруулах уу эсвэл өөр үр дүнтэй  арга байна уу. Бодибилдингээр хичээллэж эхэлж байгаа залууст юу гэж зөвлөх вэ?

-Б.М: Хэт их дасгал хийж өөрийгөө ачаалласнаас болоод нуруу нь бэртсэн, зүрх нь томорсон, булчингийн уутанцар урагдсан залуусыг олон харж байсан. Би ч бас анх хоолоо сайн идэж уургаа сайн ууж, хүнд дасгал хийж байж булчин чинь томорно гэсэн ойлголттой байсан. Хоёр жил энэ аргыг өөр дээрээ туршсан, булчин томорч хөгжсөн. Гэтэл миний бие, эрүүл мэнд дордож эхэлсэн. Ингээд өөрийнхөө биеийнхээ онцлог, дотоод бүтэцдээ таарсан усны түвшин, булчингаа тооцдог арга барилтай болсон. 

Миний туршлагаас харахад хүн их идсэнээрээ, хэт хүнд дасгал хийснээрээ булчин томордоггүй. Өөр дээрээ ч баталж мэдсэн. Гэтэл хүний булчин дасгал сургуулилтын үед биш амарч байхад хөгжлдөг. Бас дасгал сургуулилт хийхдээ өргөж байгаа жиндээ анхаарал хандуулаад булчингаа мэдэрдэггүй.Үүнийг мэдэхгүйгээс болоод залуус өдөр болгон хэт хүнд дасгал хийж байна. Би ч бас ингэж алдаж байсан юм. Үүнээс болоод нурууныхаа 3 үеийг мултаж, мөрний зөөлөн эдээ гэмтээж явлаа. Ер нь булчингаа хөгжүүлж, жингээ хаяхад хоол 80 хувь, дасгал сургуулилт 20 хувь нөлөөлдөг юм билээ.

Тэгэхээр хэтэрхий хүнд дасгал хийхээс илүү хүнсээ тэнцвэртэй харьцаагаар бодож хооллох ёстой гэсэн үг.  Эмэгтэй хүн хүн өдөр бүр кг тутамдаа 1.2 грамм, эрэгтэй хүн кг тутамдаа 2 грамм байхаар тооцож уургаа авах ёстой. Гэтэл зөвлөгөө өгөхөөр хүмүүстэй уулзаад иддэг хоол хүнсийг нь тооцоод  үзэхээр өдөр тутамдаа 50 хувьдаа ч хүрэхгүй уураг авдагаас болоод булчингаа нэмж чаддаггүй бас ядарч сульддаг. Булчингаа алдаад байвал өөхлөх процесс хурдана нэмэгдэнэ гэсэн үг.


А.Ч: Бодибилдингээр хичээллэдэг эмэгтэйчүүд зөвхөн булчинлаг байхаас гадна уян налархай байх ёстой. Ингэхийн тулд ямар дасгал сургуулилт хийж байна?

-Эмэгтэйчүүдийн биеийн жингийн 70 хувь булчин байх ёстой. Тэглээ гээд зөвхөн төмөр л өргөөд байвал хүний бие хөшүүн болдог юм билээ. Тиймээс сунгалтын дасгал маш чухал. Дасгал хийхээсээ өмнө бие халаалт заавал хийх ёстой, бэлтгэлийн дараа ч гэсэн заавал булчингаа суллаж сунгалт хийн иог, зумбагийн дасгал хийж байж хав дөрвөлжин биш уян налархай болдог. Үүнийгээ хоол болон дасгалтай хослуулах ёстой.


-А.Ч: Хүмүүс жингээ хасна гэхээр завгүй гэдэг. Фитнессийн хувийн зөвлөх багшийн хувьд хүмүүст өөртөө зориулж цаг зав бий болгох ёстойг яаж ойлгуулдаг вэ?

-Б.М: Зарим хүн онлайнаар зөвлөгөө авъя гэдэг. Эсвэл би олон хүүхэдтэй, нөхөртэй, ажилтай гэдэг. Энэ бол ердөө шалтаг. Хүсэхгүй байгаагийн шинж. Хэрэв үнэхээр хүсч байгаа бол хүн хамаг ажил, цаг заваа зохицуулаад өөрөө ирж уулзана шүү дээ. Тийм учраас надад хандаж, итгэж зорьж ирсэн хүмүүст л зөвлөгөө өгдөг. Тэр хүмүүс өөрийн амьдралын хэв маягаа өөрчлөөд таслахгүйгээр сар яваад үз гэж хэлдэг. Сүүлийн үед шалтаг хэлдэг хүмүүсийн тоо цөөрөөд байгаа шүү.  Харин ч эхнэр эсвэл нөхрөө дагуулаад хамтдаа өөрчлөгдөнө гээд ирдэг болсон. 

https://www.facebook.com/Bikini-model-Munkhzul-615342085316707/


-А.Ч: Өөрийг чинь зориод ирж байгаа хүмүүстэй уулзахын тулд өглөө 4:30-д босдог гэсэн. Ер нь хэдэн цаг унтаж амардаг вэ. Нойрны тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Б.М: Нойрыг би бас л хоолтой холбоотой гэж тайлбарлана. Хүн авах ёстой шим тэжээлээ идэж чадаагүйгээс болоод их унтдаг. Тэр дутагдаж байгаа зүйлээ нөхөж авахын тулд унтаад байгаа хэрэг. Уг нь хүн өдрийн турш хоол хүнсээ зөв харьцаатайгаар идээд, усаа зөв уучихвал, бохирдлоо гадагшуулаад байвал хүний бие хэзээ ч ядардаггүй сайхан унтаж амардаг. Зарим хүн дасгал хөдөлгөөн хийж байх үед калори шатдаг гэж ойлгодог. Гэтэл шөнө унтаж байхад калори шатаж байдаг.  Харин эсрэгээрээ стресдээд унтаж амрахгүй байвал кортизол гэдэг даавар ялгарч өөхийг нэмэгдүүлдэг. 

https://www.facebook.com/Bikini-model-Munkhzul-615342085316707/


-А.Ч: Өөрөө дөнгөж 24-тэй хэрнээ бодибилдингийн улсын аварга, дэлхийн мөнгөн медальтай тамирчин. Амжилтаа бүтээчихлээ, одоо эд хөрөнгөтэй болохын тулд яарч байна уу?

-Б.М: Би юм бүхнийг энгийн байлгах дуртай. Ерөнхийдөө би материаллаг зүйл хөөдөг хүн биш. Машинтай хүмүүсийг харахаар тав тухтай сайхан л харагддаг. Гэхдээ би авчихвал адилхан л хотын түгжрэлд ороод гацчихна. Зам дээр хайран цагаа үрж байснаас 10 минут алхаад явчих нь амар санагддаг.  Тэр хооронд ядаж л идсэн ууснаа шингээгээд авна шүү дээ. Үнэндээ одоохондоо надад унаанб хэрэгцээ алга. Аав ээж минь Увсад амьдарч байгаа. Би дүүтэйгээ хамт Зүүн салаанд амьдардаг. Холоос ирэхийн тулд би эрт босдог, эрт босохын тулд хамаг ажлаа төлөвлөж сурсан. Энэ хэв маяг маань таалагдаж байгаа.  Хотын төв рүү тэмүүлээд байдаггүй учраас байр авсан ч хол газар сонгох байх. (инээв)


-А.Ч:-Бие галбираа хадгалахын тулд ямар хоол хүнснээс татгалзах ёстой гэж боддог вэ?

-Б.М: Архи дарс, царцсан тостой хоол, гурилан бүтээгдэхүүнээс аль болох татгалзаарай. Хүмүүс бор гурилыг таргалуулдаггүй гэж ойлгодог. Үнэндээ өнгө өөр боловч калори нь яг адилхан. Захихад аль болох цагаан будаа битгий хэрэглээрэй. Шар будаа, гурвалжин будаа 10-хан минутанд буцалсан усанд дэвтчихдэг юм.  Гэтэл цагаан будааг буцалгаж агшаахад 30 минут зарцуулдаг. Эрдэс бодис шим тэжээл нь яг энэ хэмжээгээрээ устаж үгүй болдог. Энгийнээр бодоход аль болох бага хугацаанд болсон зүйл шим тэжээлээ алдана. 


-А.Ч: -Зарим хүмүүс 24 насыг гэрлэхэд эрт байна гэдэг нөгөө нь оройтлоо гэдэг. Ирээдүйд нөхөр болох хүнээ ямар хүн байгаасай гэж боддог вэ?

-Б.М:Тухайн хүний ямар нэгэн зүйл л намайг татах ёстой байх. Магадгүй сайхан инээмсэглэдэгт татагдаж болох шүү дээ. Гол нь миний хэв маягаар амьдарч чадах, намайг ойлгож зохицож чадах хүнийг сонгоно гэж боддог.


-Б.М: Одоо танаас асуумаар байна. Та нийгэмд хөлөө олох гэж зүтгэж яваа бидний үеийн залууст хандаад юу хэлмээр санагддаг вэ?

-А.Ч: Үүнийг уншиж байгаа залууст Монголд маань юу ч хийсэн хөрс нь цагаан байна шүү. Бэршээлээс бүү ай. Харин ч гайгүй байна гэж бодоорой. Хэзээ, хаана, хэнд, юугаар гэдэг нь эхний дүрэм. Зах зээлээ судлаарай.  Хүний амаар өөрөө сайн судлаагүй юманд бүү ороорой. Хүнд бүү найд. Чиний мөнгө тэр хүнд эрсдэл биш. Өнөөдөр манай зах зээл дээр жижиг дунд үйлдвэр, бүтээгдэхүүн бий болгох, хүнд үйлчилдэг үйлчилгээний салбаруудад л боломж их байх шиг. Том юм хийх гэж бүү яар. Хүн болгон тэрбумтан болох албагүй. Харин хүн болгон сайхан азжаргалтай гэр бүл болж амьдрах үүрэгтэй.

Азжаргал албан тушаал, эд хөрөнгө, мөнгөөр бүтдэггүй, ирдэгггүй. Харин хажууд чинь дүүрэн байнга байж байдаг. Чи л түүнийгээ мэдэр ашигла. Энэ их амархан. "Би баян биш бид баян үзэлтэй" байж бие биедээ тусалж дэмжиж байгаарай. Бас үргэлж ашиг мөнгө бүү бод. Хэн нэгнийг бүү хүлээ. Багаар ч гэсэн хурдан эхлүүлээрэй. Эхэндээ ашиггүй юм шиг харагдавч цаана нь их юм сурч, дадлага хуримтлуулсан байдаг юм шүү. Энэ бүхнээ заавал цаасан дээр биш ч гэсэн дотроо зорилго тавиад шат шатаар ахих төлөвлөгөө бодоорой. Нэг их сүржин, том болгоод хэрэггүй. Сүүлд нь хэлэхэд хийж байгаа ажил бизнесээ өөрийн хобби болгоод үнэн сэтгэлээсээ хандаад нэг зүйлийг л барьсан дээр шүү. Дундуур дүүрэн байхыг бодоорой. Нэг амьдрахад их мөнгөний хэрэггүй. Илүүцийн шаналалаас ангид байгаарай. Үр хүүхдэдээ эд хөрөнгө үлдээх гэснээс ихэнхийг нь толгойд нь, хүмүүжилд нь зарцуулаарай. Тэд өөрсдөө эд хөрөнгөө босгож түүнээсээ кайф авч амьдраг. Эрүүл спортлог, инээж баясч өөдрөг байхыг үзүүлээд байгаарай.

-Б.М: Таныг олон орноор аялсан гэдгийг мэднэ. Яг хичнээн улс орноор аялав. Амьдрахад хамгийн тохиромжтой улс орныг нэрлээч?

-А.Ч: Дэлхийн 44 улсаар аялсан. Цагаан сараар Дубай явж үзэх гэж байна. Ер нь олон орноор аялаад явж байхдаа Монголчуудтайгаа уулзаж ярьж хөөрч явлаа. Анзаарч байхад хамгийн сайхан санагдсан Канад. Канад өөрөө 150-хан жилийн түүхтэй, ертөнцийн бүх улсаас ирж суурьшсан шашин шүтлэг, арьс өнгө гэлтгүй нэгдэж улсаа байгуулсан болохоор ч тэр юм уу бие биенээ хүндэлдэг, хуулиа ягштал мөрддөг улс юм билээ. 



-Б.М: Та өглөө сэрэхдээ хамгийн түрүүнд юу гэж боддог вэ?

-А.Ч: Эрт сэрдэг болохоор өглөө босохдоо 6:30 болсон болов уу, шөнийн 4:30 болж байх вий гэж боддог. /инээв/ Ер нь өглөө босоод тухайн өдөр хийх ажлууд л толгойд орж ирдэг.


-Та эмэгтэй хүнийг ямар байгаасай гэж боддог вэ?

-Эмэгтэй хүн гэр бүлтэй болонгуутаа хүсэл мөрөөдлөө орхин гэр бүлийнхээ сайн сайхныхаа төлөө явсаар нэг мэдэхэд олон зүйлээ, өөрийгөө ч хаячихдаг.  Тиймээс энэ балансаа тэнцвэржүүлж хамаг амьдралаа эр нөхөртөө даатгадаг биш өөрийн гэсэн байр суурь, үзэл бодолтой, боловсролтой, биеэ даасан байгаасай гэж хүсдэг.


-Б.М: Таныг олон найз нөхөдтэй, хүрээлэлтэй гэдгийг мэднэ. Тэр дундаасаа яагаад намайг онцолж “Peak.mn” сайтын зочин буланд оролцуулах болов. Миний хувьд хүндэтгэл байлаа?

-А.Ч: Амжилтанд хүрсэн гэхээсээ илүү амжилт руу тэмүүлж яваа, алдаа оноогоо ухаарч зүтгэж яваа залуу үеийн төлөөлөл учраас сонгож ярилцахаар шийдсэн юм. Дөнгөж 20 нас гарч яваа ч бодибилдингийн улсын аварга, хотын аварга, дэлхийн мөнгөн медаль гээд том амжилтын эзэн болчихсон байна шүү дээ. Магадгүй олон хүн чиний ярилцлагыг сонсоод эрүүл мэндэдээ анхаарал хандуулах ёстойг ойлгоосой гэсэндээ ярилцаж байна. 

Бодибилдинг  хамгийн хүнд спорт, энэ бүх хэцүүг өөрийгөө дайчлаад ард нь гарчихсан өнөөдөр өөрийгөө олоод бусдад өөрийнхөө мэддэг бүхнээ хуваалцаад нийгэмдээ гэрэл гэгээ болж яваа болохоор сонгосон. 


-Б.М: Амьдралдаа авсан хамгийн гэнэтийн бэлэг?

-А.Ч: Нэг удаа фэйсбүүкийн найзуудын маань нэг нь бэлэг явуулах гэсэн юм аа гэхээр “Би бэлэг авахгүй” гээд  хаягаа өгсөнгүй. Тэгсэн чинь миний гар утасны дугаарыг олоод илгээмж явуулчихсан байсан. Задлаад үзсэн чиньнадад цоо шинэ i phone 7 утас, эхнэрт маань брэндийн нарны шил, үнэртэй ус гээд 4 сая төгрөгөөс давсан  бэлэг явуулчихсан байсан. Хайрцаган дээр нь ямар ч хаяг байхгүй. Удалгүй чатаар “Та бэлгээ авсан уу, таалагдсан уу” гээд ороод ирсэн. Огт танихгүй хүн шүү дээ. Би бүр гайхаад “Яагаад надад ийм их бэлэг явуулж байгаа юм бэ” гэсэн чинь манай гэрийнхэн өөрт чинь бэлэглэж байгаа юм аа гээд. Дахиад лавлаад асуусан чинь нарийн учраа хэлсэн. Тэр гэр бүл 18 жилийн Америкт очсон юм билээ. Тэнд очоод боломжийн сайхан амьдарсан ч нэг л мэдэхэд тусдаа данс тооцоотой,  бие биедээ ч нарийн нандин зүйлээ ярихаа болиод Америк хэв маягт орчихож.

Хосуудын харилцаа хямраад салах дээрээ тулж байхдаа миний фэйсбүүк хуудастаа бичсэн амьдралын түүхүүдийг уншсан юм билээ. Үүнийг эхлээд эхнэр нь уншаад нөхөр рүүгээ шэйрлэдэг болж. Тэндээс инээж уйлан уншиж өөрсдөө ийм зүйл тохиолдож байсан шүү гээд дурсамжаа ярьж эхэлсэн гэнэ. Тэгсээр байгаад эх оронд үлдсэн дурсамж, залуу насаа ярьсаар эвлэрсэн түүхтэй. Ингээд эргээд гэр бүл болж чадсандаа баярлаад надад ийм гэнэтийн бэлэг барьсан. Яг палхийтэл бэлэг явуулчихаар маш их санаа зовсон шүү. Тэр утсыг нь барьж байгаа.


-Б.М: Амьдралаа юугаар хөглөж, эрч хүч авдаг вэ?

-А.Ч: Хүүгийн маань хичээл амарчихсан гэртээ байгаа. Амрахад нь би хүүдээ “Миний хүү өдөрт гэрийнхээ нэг л зүйлийг өөд нь тат” гээд даалгавар өгчихсөн юм. Уржигдар очиход хувцасны өрөөгөө цэгцлээд  хувцсаа тэвхийтэл өрөөд тавьчихаж. Өчигдөр очсон чинь гэрийнхээ нүдэн гэрлийг бүгдийг нь сольчихсон байна. Өнөөдөр гарахдаа хүүдээ ямар нэгэн багаж хэрэгсэл, цахилгаантай битгий ноцолдоорой, нас чинь болоогүй гэж хэлээд гарсан. Орой гэртээ очиход хүү маань юу хийсэн бол, ямар гоё зүйл сэтгэсэн бол гээд л бодогдоод байна.  Энэ чинь өөрөө амьдралыг хөглөөд байгаа хэрэг. Хүн ер нь энгийн зүйлсээс нь хөглөгддөг.


-Б.М: Ажил амьдралын балансаа зохицуулж суртлаа хэр их цаг хугацаа зарцуулсан бэ?

-А.Ч: Би анхнаасаа өөрөө хоббигоор ажиллаж амьдрах дуртай хүн. Ямар ч ажил руу орсон түүнийгээ өөрийнхөө хобби, сонирхол болгож чаддаг. Хүссэн хүсээгүй тухайн ажлыг хийхээс хойш түүнийгээ сонирхол болгочихвол өөрт амар, хийхдээ түүртэхгүй. Тийм учраас хийсэн ажил бизнес маань амжилттай явж чаддаг гэж боддог.  Өнөөдрийн байдлаар 2 компанийг удирдаж 3 компанид их бага хэмжээгээр холбоотой бизнесийн зөвлөхөөр ажиллаж байна. Гэсэн ч өөртөө хангалттай зав гаргаж чаддаг. Эрүүл байхын тулд ажил амралтаа зохицуулан дасгал хөдөлгөөн хийж эрчтэй хүчтэй байхыг хүсдэг. Та дасгал хөдөлгөөн хийх төгс төгөлдөр мөчийг хүлээвэл тэр чинь хэзээ ч ирэхгүй. Яг одоо л эхлээрэй.