Төрийн өмчит “ЭТТ” ХК ирэх есдүгээр сард Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа худалдахаар зэхэж байна. Энэ талаар өнгөрсөн баасан гарагт болсон, хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр тус компанийн удирдлагууд мэдэгдсэн юм.

Өмнөх эрх баригчид тус компанийн нэгж хувьцааг 933 төгрөгөөр үнэлэн, иргэдээс эргүүлэн худалдаж авсан. Иймд ирэх намар худалдах хувьцааны үнэ 933 төгрөгөөс багагүй байх нь гарцаагүй. Одоогоор хөрөнгийн зах зээлээс нийт хэчнээн төгрөгийн санхүүжилт татан, чухам аль төслөө эхний ээлжинд хэрэгжүүлэх нь (хос, авто зам барих, төмөр зам, нүүрс баяжуулах, нүүрснээс хий гаргах гэх мэт) тодорхойгүй байна.

Хэдийгээр тус компанийн санхүүгийн бүртгэлд иргэд, компанийн хувьцааг бүртгэсэн ч нээлттэй эсвэл хаалттай ХК болох уу гэдэг нь тодорхойгүй байна.

Та “ЭТТ” ХК-ийн хэчнээн ширхэг хувьцаа эзэмшиж байгаагаа Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн цахим хуудаснаас шалгаарай. Мөн 158989 дугаарт өөрийн регистийн дугаарыг латин үсгээр мессеж илгээн, ямар брокер дилерийн компанид бүртгэлтэй, хэчнээн хувьцаатайгаа мэдэж болно.