Хүүхдэд шаардлагатай шингэн уулгах нь тэдний эрүүл мэндэд тустай. Ялангуяа цаг агаар халуун мөн дасгал хөдөлгөөн хийсний дараа тогтмол шингэн зүйл уулгах хэрэгтэй. Хэрвээ хүүхэд шингэний дутагдалтай бол ямар шинж тэмдгүүд илрэх болон таны хүүхдэд хэр их ус шаардлагатайг эндээс мэдэж аваарай.

Төрсний дараа хүүхдийн биеийн 75 орчим хувийг шингэн эзэлдэг. Том хүүхэд, насанд хүрэгчдийн хувьд биеийн 60 хувь нь шингэн байдаг. Шингэн нь биеийн эрүүл мэндэд маш чухал. Учир нь бидний биед байгаа эсүүд хэвийн ажиллаж, хаягдал бүтээгдэхүүнээс салахад тустай. Насанд хүрэгчид болон хүүхдүүдийн хэрэглэж байгаа шингэний хэмжээ, төрлүүд нь эрүүл мэндэд нь мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг.

Хүүхдийн нас, хүйс, цаг агаар, биеийн тамирын дасгалаас хамааран уух хэрэгцээ нь харилцан адилгүй байдаг. Европын Хүнсний Аюулгүй Байдлын Газар (EFSA) нь хүүхдийн шингэн хэрэгцээний талаар зааварчилгаа өгдөг бөгөөд эдгээрийг дор үзүүлэв.

Ерөнхийдөө 4-13 насны хүүхдүүд өдөрт ойролцоогоор 6-8 аяга шингэн уухыг зөвлөдөг бөгөөд харин бага насны хүүхдэд нэг удаадаа харьцангуй бага хэмжээгээр шингэн уулгах хэрэгтэй (жишээлбэл, 4 настай хүүхдэд 150мл бол 4-с дээш насныханд 250 мл).

Өдөрт уух усны заалт

  • 4-8 насны хөвгүүд, охид өдөрт 1.1-1.3 литр 
  • 9-13 насны охид өдөрт 1.3-1.5 литр 
  • 9-13 насны хөвгүүд хоногт 1.5-1.7 литр шаардагддаг.

Уух зүйлээс шингэнээ нөхөхөөс гадна олон төрлийн хоол хүнс нь ус агуулдаг учраас бидний шингэнийг нэмэгдүүлдэг. Жимс, хүнсний ногоо зэрэг нь ихээхэн хэмжээний устай байдаг. Жишээ нь, өргөст хэмх, тарвас зэргийн 90% гаруй нь ус байна.


Хүүхдэд ус дутагдвал ямар шинж тэмдэг илрэх вэ?

Насанд хүрэгчдийг бодвол тэдэнд усны хэрэгцээ илүү өндөр байдаг гэж дээр дурдсан. Мөн нярай болон бага насны хүүхдүүд ялангуяа дулаан тэсвэрлэх чадвар бага байдаг тул халуун өдөр эсвэл идэвхитэй хөдөлгөөний улмаас, шингэний алдагдалд орох нь амархан байдаг. Эхэн үедээ хүүхдүүд цангаж байгаагаа анзаардаггүй. Улмаар шингэн алдалт нь нэмэгдсэнээр тэд уцаартай болж бас ядран, толгой нь өвдөх, анхаарал нь төвлөрөхгүй байх, арьс нь хуурайшах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ.


Хамгийн сайн шингэн юу вэ?

Ус нь хамгийн сайн сонголт бөгөөд усыг эртхэн уулгаж сургах нь чухал. Сүү, жимсний шүүс зэрэг бусад ундаа нь шингэн болон бусад шим тэжээлийг өгдөг. Чихэргүй, цэвэр жимсний шүүсийг өдөр бүр өгч болох бөгөөд өдрийн зайлшгүй 5 жимс ногооны хэрэгцээг хангахад тустай. Жимсний шүүс нь мөн хүүхдийн витамины хэрэгцээг  нөхдөг. Гэсэн хэдий ч эдгээр нь маш хүчиллэг бөгөөд байгалийн сахар агуулдаг тул 150 мл-ээс хэтрэхгүй байх ёстой. Хүүхдэд жүүс өгөх хамгийн тохиромжтой цаг нь өдөр байна. 

Бусад хүчиллэг ундаа, тухайлбал, газтай ундаа, жүүсийг бага хэмжээгээр эсвэл хэрэглээнээс нь бүр мөсөн халах хэрэгтэй. Эдгээр ундаа нь сахар агуулаагүй байсан ч түүний хүчил шүдний пааланг гэмтээдэг. Хэрвээ чихэрлэг ундаа нь шүд цоороход хүргэдэгээс гадна, калори ихтэй байдаг. Хүүхдүүдэд мөн каффейн агуулсан ундаа хэрэглүүлэхгүй байхыг зөвлөж байна.


Яаж хүүхдүүдээ ус уулгадаг болгох вэ?


Эцэг эхчүүд хүүхдүүддээ үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй. Тийм учраас өглөөний цайнаас авхуулаад өдрийн туршид өөрсдөө ус сайн уух нь чухал. Хэрвээ хүүхэд тань ус уух тийм ч дуртай биш байвал, тэдэнд тайван хандаарай. 

Дараах хэд хэдэн зөвлөмжийг хүргэж байна

  • Хүүхдээ өглөөд шингэн зүйл заавал уулгаж сургаарай, мөн тоглохоос нь өмнө ч гэсэн. 
  • Байнга шингэн зүйл санал болгох хэрэгтэй, ялангуяа цаг агаар бүгчим бол!
  • Олон төрлийн хоол хүнс (жимс жимсгэнэ, хүнсний ногоо, тараг, үр тариа, шөл зэрэг) нь их хэмжээний ус агуулдаг бөгөөд шингэний хэрэглээнд нөлөөлдөг гэдгийг санаарай.
  • Гадуур хүүхдүүдтэйгээ гарахдаа заавал шингэн зүйл авч гарахаа бүү мартаарай.
  • Хүүхдүүдээрээ усны сав, аягыг нь сонгуулж, тэднийг өөрсдөөр нь усаар дүүргүүлж сургах хэрэгтэй.
  • Мөс нимбэг, өргөст хэмх зэргийг нарийн зүсч усанд нь нэмж өгвөл сонирхолыг нь илүү татах болно.