"Шамбалын цэнхэр салхи" сэвэлзэж, хаалгыг нь татаж үзсэн тэр цагаас хойш зохиолч бүсгүйн шинэ бүтээлийг хүсэн хүлээж суух болсон юм. Цоо шинэхэн бүтээл болох ГИМАЛАЙ туужийг уншиж суухдаа бүтээлээс бүтээлийн хооронд ур чадвар нь нэмэгдэж, улам чамбайрч, урлан бичих авьяас онгод нь хөглөгдөж байгааг мэдэрсэн юм. Уран бүтээлч хүн бусдыг хуулах эс бөгөөс өөрөө өөрийгөө давтан хуулах тэр тойргоос гарч шинээр сэтгэн туурвих амаргүй хэцүү замд өөрийн орон зайг олж чадсанд олзуурхан сууна.

Нууц албаны ажилтан Гималай гэх бүсгүйн амьдралыг өгүүлсэн адал явдалт туужаас бидний огт мэдэхгүй цоо шинэ ертөнцийг нүдний өмнө дэлгэн тавихдаа хагас өнчин балчир охины туулсан ээдрээт зам мөр, эх орныхоо төлөө золиослосон эр зоригийг яруухан хүүрнэн өгүүлжээ. Хүн хувь заяаныхаа замыг өөрөө сонгон амьдардаг тэр тавилангаас тэс өөрөөр эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө зольсон бүсгүйн туулсан зам хөндлөнгөөс харахад гунигтай ч нөгөө талаар бахархалтай юм. Номын эхэнд "Энэ хоёр туужид гарч буй үйл явдал нь бодит амьдралаас сэдэвлээгүй бөгөөд дан ганц уран сэтгэмжээр бүтээгдсэн болно" гэж өмнөтгөл бичсэн хэдий ч зохиолыг уншиж үзэхэд яалт ч үгүй болсон явдлаас сэдэвлэн бодит хүний түүхээр бүтээгдсэн мэт санагдлаа. Энэ нь зохиолчийн ур чадвар уу, эсвэл нууцтай холбоотой асуудал учраас зориуд ингэсэн үү аль нь болохыг хэлж мэдэхгүй байна.

Багаасаа эхлэн тусгай ажилтан болохоор бэлтгэгдсэн Гималай бүсгүй 16 жилийн турш зовлон бэрхшээлийг туулан, амь өрсөн байж харийн оронд тусгай үүрэг гүйцэтгэхдээ нэг л өдөр хэнд ч хэрэггүй усанд хаясан чулуу шиг ор тас мартагдана гэж төсөөлөө ч үгүй явжээ. Эх орныхоо төлөө гэсэн чин халуун сэтгэлээр зүтгэж явахдаа хожмын өдөр амьдрал хэрхэн хувирч өөрчлөгдөхийг зүүдлээ ч үгүй явж. Түүнд ганцхан мөрөөдөл байсан. Хайртай хүнтэйгээ үр хүүхдээ дагуулаад эгэл жирийн амар жимэр амьдрах. Хүн шиг л хайрлаж дурлах, үр хүүхэд гаргах, өөрийнхөөрөө байх. Гэвч энэ бүхэн хориотой. Нэг бол өргөсөн тангарагтаа үнэнч явах, эсвэл үхэх. Өөр сонголт байхгүй. Энэ хэн хүнд ховор тохиох хүнд хэцүү сорилт . Гэхдээ Гималай бүсгүй энэ бүхнийг давж чадсан. Гэтэл аминаасаа илүү зүтгэж явсан тэр үйлс нь нэг л өдөр буруудаж өөрийнх нь зүг бууны ам чиглэх юм гэж хэн санах билээ.

Тэр одоо зүсээ хувирган цоо шинэ тэмцлийг эхлүүлжээ. Сөрөг тагнуулын албанд шургалсан харь этгээдийн гар хөлийг тас цохих. Удам дамжсан тагнуулын сүлжээ болох Си овогтны нууц бүлэглэлтэй тэмцэх хатуухан сорилт тулгарчээ. Тагнуул явсан хүн тагнуултай тэмцэнэ гэсэн үг. Энэ тууж дуусаагүй цаашид үргэлжлэх юм байна. Гималай бүсгүйн хувь заяа цаашид хэрхэх, ямар адал сонин явдлууд өрнөхийг хүлээх л үлдлээ. Уг туужид мөнгөтэй, баян тансаг амьдралтай гаж донтон гадаад эр Монгол бүсгүйг хууран гаж хүслийнхээ золиос болгох гэж байсныг тусгай албаны ажилтан аварч байгаа тухай зурвас өгүүлнэ. Фэйсээр тэнүүчлэх хуурамч төрөхтнүүдийн цаана ямар аймшиг нуугдаж буйг, гэнэн итгэмгий хүмүүс урхинд орж өгөөш болохоос сэрэмжлүүлэх сургамжтай юм байна . Уншигчийг байлдан дагуулах увдис эрдэм гэж энэ дээ.

"Сүүлчийн хүсэлт" гэсэн нэгэн сонирхолтой тууж байна. Найз залуутайгаа Аглагийн хийдэд очсон Сэмбэрүү бүсгүйд нэгэн өвгөн "Өтөл эцэг"-ийн тухай домог хүүрнэж хүсэл биелүүлдэг шидэт шившлэг зааж өгчээ. Гурван удаа хүслээ биелүүлээд тэр тарнийн хүч суларч 108 тоондоо хүрч жирийн үг болон хувирах аж. Тэр эхний хоёр шившлэгээ хийн төрөл арилжав. Тарган тантгар Сэмбэрүү төгс гоо бүсгүй болон хувирч хэмжээлшгүй их мөнгөний эзэн болов. Одоо түүний өмнө хорвоогийн усан нүдэт цусан зүрхэт бүхэн сөгдөн мөргөнө. Гоо үзэсгэлэн, мөнгө хоёроос өөр бүхнийг хаанчлах хүч гэж хаана байх билээ. Орчин цагийн хүмүүсийн хийсвэр хуурамч зан авир, сэтгэхүй, хүн чанарыг
чанарыг ёгтлон харуулахын зэрэгцээ энэ бол бидний өнөөдрийн бодит үнэн шүү гэсэн ёжтой инээмсэглэл цаана нь нуугдаж байна. Түүний сүүлчийн хүсэлт юу байсан хийгээд энэ бүхэн мөрөөдөл, зүүд, төсөөлөл, ховс аль нь болохыг зохиолоос уншиж мэдвэл амттай.

Зохиолд хөтлөгдөх тэр учир шалтгаан нь үйл явдал гэхээсээ үнэмших үйл явц юм. Юуг ч тайлбарлахгүйгээр дүрслэл, хүүрнэлээр үнэмшүүлнэ гэдэг зохиолчийн ур чадвар, чадал чансаа байдаг. Үгээр наадах, үйл явдлаар үнэмшүүлэхийн тухайд бол хангалттай байна. Зохиолоос хиймэл, хуурамч, хүчилсэн бичлэг ажиглагдсангүй. "Шамбалын цэнхэр салхи", "Тооролжингоо", "Гималай" туужууд нь сэдэв санааны хувьд өөр, зохиомж бүтэц нь давтагдахгүй байгаа нь сайн шавхвал шагхийсэн бүтээл гарах ундрагатай зохиолч юм гэх сэтгэгдэл төрлөө.

Уншигчид сайн бүтээл шилж сонгон уншихыг хүснэ, тэгэх ч учиртай. Харин уран зохиол сонирхогч, ажиглагч хүн сайн муу аль алиний нь сөхөж яагаад сайн муу болсон учир шалтгааныг хайх учиртай