Монгол Улсын ШУА-тай Тайванийн үндэсний Хааны ордон музей хамтран ажиллаад дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд хамтарсан төслийг хэрэгжүүлж хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийнхээ хүрээнд Монголын гурван судлаач Тайваньд очиж Монголын түүхтэй холбоотой судалгааны ажил хийсэн байна.

Өнөөдөр Тайванийн үндэсний музейд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой бичгийн болон эд өлгийн  дурсгалийг катологи болгож хэвлэж гаргах хэвлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү бүтээл гарсанаар Монголын эзэнт гүрэнтэй холбоотой судалгааны ажилд үнэтэй хувь нэмэр болох аж.

Тайванийн үндэсний Хааны ордон музейд  Монголын түүхтэй холбоотой ялангуяа Юань гүрэнтэй холбоотой эд зүйлс болон бичгийн дурсгалууд олноор хадгалагддаг юм. Энэ талаар Тайванийн Үндэсний ордны музейн дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Лэн Жен- Ий хэлэхдээ " Манай музейд Чингис хаан, Хубилай хаан болоод Монголын их хаадын хөргийн эх хувь, бичгийн болон эд бэлгийн дурсгалууд их хэмжээгээр хадгалагдаж байдаг. Цаашид Монголын  Богд хааны ордон музей манай үндэсний музейтэй хамтарсан үзэсгэлэн  гаргана" гэлээ.

Чингис Хааны хөрөг зураг Тайвани дахь "National Palace" музейд хадгалагдаж буй

ШУА-ийн Тэргүүн, дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар

“Тайванийн үндэсний Хааны ордон музейд Монголын түүхийн эртний дурсгалууд олон хадгалагдаж үлдсэн байдаг нь ховорхон өвийн нэг юм. Манай ШУА-тай 2017 онд байгуулсан  гэрээний хүрээнд гурван боть катологи эхний удаад гарна. Энэ гурван боть каталогийн эхний хоёр боть бэлэн болсон. 

Түүхийн хүрээлэн Дэлхийд гаргасан Монгол өв гэдэг түүхийн эх сурвалжууд цуглуулга каталоги хэлбэрээр ном болгох том хэмжээний төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ юм. Монголын Үндэсний түүхийн музейд зарим биет үзмэрийг авчирч, заримыг нь дижитал хувилбарт оруулсан үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Тэнд Чингис хааны өөрийнх нь хөргөөс эхлээд Хубилай хаан болон Монголын их хаад, хатдын хөрөг, тэр үеийн  бичиг, ном судар гэх мэт олон эх сурвалжууд бий. 

Үндэсний түүхийн музейд тавигдах үзэсгэлэнгийн 50 орчим хувь нь биет үзмэр байна. Богд хааны ордон  музейтэй хамтарсан үйл ажиллагаа ч цаашдаа явна. Цаашдаа тэнд хадгалагдаж байгаа бүх түүхийн эх сурвалжуудыг Монголчууд төдийгүй дэлхий дахинд сурталчилж, Тайванийн “Хааны ордон” музейтэй хамтын ажиллагааны хүрээнд өргөтгөх боломж бий. 

Харин эргүүлж авах нь олон улсын хэмжээнд яригдах асуудал. Гэхдээ найдвартай газар хадгалагдаж байгаа. Тэдгээрийг олон түмэнд хүргэх бололцоог бүрдүүлж, аль болох олон хувилбараар олгох ёстой. Үүнээс эхний алхамууд хийгдэж байна” гэв.