Иргэд НӨАТ-ын баримтаа бүртгүүлсний дараа "ААН илгээгүй" гэсэн төлөв гарч ирэх тохиолдол олон байдаг. Тэгвэл үүнийг хэрхэн засаж оруулах боломжтойг хүргэж байна.

-"ААН илгээгээгүй" гэсэн төлөвтэй баримт ямар учраас үүсдэг вэ?

-ААН илгээгээгүй төлөв нэлээд олон шалтгаантай. 

Нэгдүгээрт, үнэхээр тухайн аж ахуйн нэгж нь баримтаа ирүүлээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн хугацаа буюу 72 цагийн дотор илгээх ёстой. Хэрэглэгч QR кодоор уншуулахад бүртгэгдлээ гэж гарч ирдэг. Тухайн бараа бүтээгдэхүүний кодыг 72 цагийн дотор бүртгүүлсэн мөртлөө ААН илгээгээгүй төлөвтэй байгаад байвал тухайн байгууллага мэдээллээ ирүүлээгүй байна гэсэн үг.

Хоёрдугаарт, QR код уншигдах боломжгүй баримтыг гараар шивж оруулдаг. Гараар шивж оруулахад сугалааны эхний хоёр үсгийг буруу оруулах, арын найман орныг буруу бичсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөвт орчихдог.

Гуравдугаарт, үнийн дүнг буруу оруулснаас үүдэн ААН илгээгээгүй гэсэн төлөв үүсдэг. Зарим хэрэглэгчдийн хувьд дэлгүүрээс бараа авангуутаа буцаалт хийдэг. Баримтаа бүртгүүлсэн мөртлөө бараагаа буцаачихдаг. Тэгэхээр татвар төлөгч бизнес эрхлэгч маань энэ барааг буцаасан гэдэг үүднээс буцаалтаар тэмдэглэдэг. Үүнээс шалтгаалан баримт дээр нь ААН илгээгээгүй гэсэн төлөв үүсдэг.

-ААН илгээгээгүй гэсэн төлөвтэй баримтыг хэрхэн засах ёстой вэ?

-ААН илгээгээгүй байгаа төлөвтэй баримтыг нэгдүгээрт ebаrimt.mn сайтад сугалааны дугаараар оруулах уу, дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар /ДДТД/ оруулах уу гэсэн сонголтоос баримт тань байвал дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар оруулаад тухайн баримт маань илгээгдсэн, илгээгдээгүй гэсэн төлөв гарч ирдэг. Илгээгдсэн байвал таны баримт автоматаар уншигдаад ороод ирнэ.

Сугалааны дугаар буруу байвал ААН илгээгээгүй гэсэн төлвөө устгаад дахин төлбөрийн баримтаа оруулж болно гэсэн үг. Заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар буюу 35 оронтой тоог нь үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагдана.

Түүнчлэн өмнөх сарын сугалааны дугаарыг нөхөж өгсөн тохиолдолд CI000 дугаартай баримт өгдөг. Уг баримтыг авсан тохиолдолд заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар бүртгүүлснээр баталгаажина. Тэгэхгүй бол QR код болон сугалааны дугаараар бүртгүүлсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөв гарч ирдэг.


Эх сурвалж: Татварын ерөнхий газар