"Завгүй, ажил ихтэй байна, нэг мөсөн шинэ сараас, шинэ жилээс эхэлье" гээд өөртөө цаг гаргахгүй, эрүүл мэнддээ анхаарахгүй байгаа нь өнөөдрийн бидний олонхын үнэн төрх. Яг ингэж явсаар нэг л мэдэхэд хэдэн сар жил өнгөрчихсөн байдаг.

Тэгвэл өөртөө анхаарахад тэгж их цаг гаргах шаардлагагүй. Маш амархан дараах 7 зуршлыг өдөр бүр хэрэгжүүлж хэвшил болгоорой. Ингэснээр та эрүүл, идэвхтэй, илүүдэл жингүй, стрессгүй, ажлын өндөр бүтээмжтэй байх болно.


Хэвшил болгох 7 зуршил

1. Өглөө сэрээд нэг минутын дасгал хий 

Өглөө бүр зөвхөн нэг минутыг дасгал хийхэд зориул. Завгүй амьдралтай гээд ямар ч дасгал хөдөлгөөн хийхгүй байгаа юм биш биз дээ. Бүрэн хэмжээний дасгал хийх хэрэггүй, харин түүний оронд энгийн хэдхэн дасгал хий. Жишээ нь, хөшсөн биеийнхээ чилээг гаргах сунгалтын дасгал, нэг минутын планк барих эсвэл зөөлөн амьсгалын дасгал ч байж болно. Энэ нь таны өдрийг эрч хүчтэйгээр эхлүүлэх болно.


2. Сошиал хэрэглээндээ хязгаарлалт тогтоох

Бид өдөр тутамдаа фэйсбүүк, твиттер, инстаграм ашиглаж байгаа. Өглөө босоод л шууд фэйсбүүкээ нээж шалгадаг зуршилтай болсон төдийгүй өдрийн турш утсаа оролддог. Энэ нь бидний ажлын бүтээмжийг бууруулаад зогсохгүй тархийг ядраадаг байна. Тиймээс өдөрт тодорхой хэдэн цагийг цахим орчинд зарцуулаад бусад үед нь оролдох боломжгүй болгож тохиргоо хийх хэрэгтэй. Үүнийг та утсан дээрээ хийх боломжтой төдийгүй, өдөрт хэдэн цагийг ямар апп ашиглаж өнгөрөөдгөө утаснаасаа харах боломжтой. 


3. Ус уух 

Бидний бие организм өдөрт 2-3 литр ус уухыг шаарддаг. Гэтэл бид ажлын ачаалал болоод бусад зүйлсээс шалтгаалаад хангалттай ус ууж чаддаггүй. Ус хангалттай хэмжээгээр ууж чадаагүйн улмаас толгой өвдөх, нүд аргах, арьс хуурайших, сэтгэл гутралд орох, бие сульдах, булчингийн массаа алдах, хөгшрөлт түргэсэх, өтгөн хатах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ. Энэ байдал удаан үргэлжилбэл цөсний чулуу, зүрний шигдээс, цус харвалт зэрэг үүсдэг байна. Тиймээс өдөрт 2-3 литр ус ууж хэвшээрэй. Үнэхээр ус уухаа мартаад байдаг бол ус уухыг сануулдаг апп утсан дээрээ татаж авч ашиглаарай.


4. Өдөрт 5 минутыг өөртөө зориул

Өдрийн аль нэг цагт өөртөө заавал 5 минутыг зарцуулж байгаарай. Энэ үедээ та утас болон бусад саад болох зүйлээс холдож, танд саад болохооргүй чимээгүй орчинд бясалгах хэрэгтэй. Бясалгах гэхээр хүндрүүлж бодсоны хэрэггүй. Хаана ч, ямар ч байрлалд бясалгал хийж болдог. Хэрвээ та ажил дээрээ байгаа бол суудал дээрээ эсвэл амралтын өрөөндөө ороод нүдээ анин бодлоо цэгцлээрэй. Ингэснээр таны нүд болон тархи амрахаас гадна маш сайн амралт болдог. Өдөрт 5 минут бясалгал хийх нь ажлын бүтээжийг нэмэгдүүлдэг байна.


5. Өдөрт 30 минут унших  

Эхэнд авсан номоо уншиж дуусгаагүй байж дараагийн номоо худалдан авсаар нэг л мэдэхэд номын тавиур чинь уншаагүй номоор дүүрсэн байна уу? Унших цаг зав гарахгүй, төвлөрч сууж чадахгүй байгаа бол 15 минутын уншлагын аргыг туршаад үзээрэй. Өдөрт зөвхөн 15 минут л уншихад хангалттай. Та хүн хүлээж байхдаа утсаа оролдож суухын оронд ном унших, эсвэл цайны цагийн дараа унших гэх мэтээр өдрийн уншлагын 15 минутыг зуршил болгоорой.


6. 10 шинэ үг цээжлэх 

Бид бүгд жил бүрийн 31-ний орой ирэх жилийнхээ зорилгыг тодорхойлж бичдэг. Түүн дотор хэл сурах гэсэн зорилго нэлээн дээгүүр бичигдсэн байх нь гарцаагүй. Гэсэн хэдий ч хаанаас эхлэхээ мэдэхгүй, яаж сурах уу, хаана сайн сургалтын төв байна гэж хайж суусаар нэг л мэдэхэд жил тойрсон байдаг. Яг ийм үзэгдэлтэй жил болгон нүүр тулдаг гэхэд хилсдэхгүй. Хэл сурахын хамгийн эхний бөгөөд үр дүнтэй шат бол үг цээжлэх. Тэгвэл өөртөө ачаалал үүсгэлгүйгээр өдөрт 10-хан үг цээжилж хэвшээрэй. Жилийн дараа та 3650 үг цээжилчихсэн байх болно. Цээжлэх аргаа олоод авбал өдөрт 50 үг цээжилсэн ч болно. Хамгийн гол нь зуршил болгох хэрэгтэй шүү. 


7. Өглөө эрт босох 

Биологийн цагаар бид 21:00 цагт унтаж, өглөө 06:00 цагт сэрэх нь хамгийн тохиромжтой байдаг төдийгүй хэвшүүлж чадвал эрүүл байх боломжтой гэнэ. Харин бид сошиал орчин, бусад хүчин зүйлсээс хамаарч шөнө дунд хүртэл сэрүүн байх нь элбэг. Шөнө унтахгүй байж байгаад өдөр унтдаг хүмүүс ч бий. Энэ нь хамгийн буруу бөгөөд шөнийн нойрыг өдөр хэдэн цаг унтаад ч нөхөж чаддаггүй байна. Дутуу нойр авснаар таргалалт үүсэх, чихрийн шижин, цус харвах зэрэг өвчлөл болдог гэнэ. Тэгэхээр зөв цагтаа унтаж, зөв цагтаа сэрэхийг хэвшил болгоорой.