Фэйсбүүк компани ёс бус, нийгэмд хор уршигтай мэдээллийг платформдоо оруулахгүй байх асар том дэд бүтэцтэй. Үүний ард Accenture хэмээх дэлхийн томоохон зөвлөх компани ажилладаг.

Хоёр компани өөрсдийн ажлын талаар олон нийтэд тэр бүр дэлгэдэггүй нь цаана нь үүсдэг олон асуудалтай холбоотой. 

Энэ талаар Нью-Йорк таймс сонинд Facebook компани контент зохицуулалт бусад үйлчилгээ авахаар Accenture компанитай жилд 500 сая ам.долларын гэрээ байгуулсан талаар бичжээ. 

Accenture компани дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийн оруулж буй хэдэн зуун сая мэдээллийн урсгалыг хянахын тулд 15 мянган ажиллуулдаг. Гэхдээ энэ тийм амар хялбар ажил биш ажээ. Ажилтнууд өдөр тутамдаа амиа хорлох, онц хэрцгийгээр зэрэмдэглэх, бэлгийн харьцааны ёс бус зураг, видео, зурвас зэргийг хянаж, устгах үүрэгтэй аж. Тэр олон бичвэрийг нягтлах үед ажилчид нь сэтгэл зүйн хүнд цохилтод орж, хямрах нь энгийн л үзэгдэл гэнэ. Бичлэгийн агуулга хянагч ажилчдын зарим нь сэтгэл гутралд орж, түгшүүрт  автаж, параной өвчтэй болдог байна. 2018 онд Accenture компаны нэгэн зохицуулагч ширээн дээрээ зурвас үлдээгээд, амиа хорлохоор завдаж байсан гэж сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөх хэлжээ.

Нэгэн ажилтан энэ талаар анх удаа ажлын онцлогоосоо болж хэрхэн сэтгэл гутралд орж, шаналж байсан тухайгаа илчилж, хөдөлмөрийн нөхцлийг эсэргүүцэн зарга мэдүүлснээр уг компани олон нийтэд ил болсон юм. Эл асуудлын тухай Фэйсбүүк болон Accenture компаны удирдах албан тушаалтнууд тайлбар өгөхөөс татгалзсаар иржээ. Фэйсбүүкийн хэвлэлийн төлөөлөгч Дрю Пусатери ᠌᠌”контент зохицуулалтын ажил хүнд гэдгийг бид мэдэж байгаа учраас ажилчдыг бүхий л талаар дэмжих тал дээр бид түншүүдтэйгээ нягт хамтарч ажиллана” гэж байсан юм. Харин Accenture-ийн хэвлэлийн төлөөлөгч Стейси Жонс ᠌”контент зохицуулалтын ажил бол интернетийн аюулгүй байдлыг хангах замаар нийгмийн сэтгэл зүйг хамгаалж байдаг зайлшгүй шаардлагатай орон зай” гэж хэлсэн ч аль ч компани нэгнийхээ тухай дурдсангүй. 

Сүүлд энэ асуудлыг шийдэхийн тулд Фэйсбүүк компанийн зүгээс мэдээллийн агуулыг нягтлан шалгахад зориулж хиймэл оюун ухаан ашиглахыг санал болгожээ. Одоогийн байдлаар Фейсбүүк болон Инстаграмын мэдээллүүдийн агуулгын 90 хувийг хиймэл оюун ухаанаар ангилдаг. Харин үлдсэн 10 хувийг фрилансер болон гуравдагч байгууллагын ажилчид нийтлэх үгүйг шийддэг байна. Мөн Accenture компани ажилтнуудынхаа сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шийдэхийн тулд сэтгэл судлаач, зөвлөхүүд хөлсөлж байсан гэв. Гэвч ажилтнуудад тулгардаг сэтгэцийн эрүүл мэндийн асуудал шийдэгдэхгүй өдийг хүрсэн аж. 

Энэхүү ажлыг хийдэг АНУ-ын ажилчид аль хотод ажиллаж байгаагаас хамаарч цагт 18-50 доллараар цалинждаг байна. Accenture ажилчдын ангилж, утсгасан мэдээ, агуулгын нарийвчилсан тайлан, нэхэмжлэлийн хуудсыг Фэйсбүүкрүү илгээдэг байна. Гэвч сэтгэл зүйн эрүүл мэндийг хэдэн ч сая доллараар үнэлэшгүй билээ.

Эх сурвалж: Нью-Йорк Таймс сонин