Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэлзүйч Манжаагийн Алтанцэцэг зөвлөж байна


Нэгэн эмэгтэй нөхрөөсөө өөр эрд сэтгэл татагдах мэдрэмж төрлөө гэж бодъё. Түүнгүйгээр жаргалтай амьдарч чадахгүй мэт санагдаж ч магадгүй. Гэвч түүнтэй хамт байх гээд гэр бүлээ орхих нь буруу гэдгийг тэр сэтгэлийнхээ гүнд мэднэ. Уг нь хэнийг ч гомдоож шархлуулмааргүй, хань ижил үр хүүхэд, найз нөхдөө сэтгэлийн зовлонд унагахыг хүсээгүй ч сэтгэлээ барьж дийлэхэд бэрх. Ийнхүү бүсгүй хайр найргүй, аймшигт зөрчил тэмцэл дунд бодол санаа, сэтгэл зүрхтэйгээ тулалдана. “Яагаад миний сэтгэлд ийм хүчтэй мэдрэмж төрөөд байгаа юм бэ?” гэж өөрөөсөө ч өрөөлөөс ч ахин дахин асуувч хариултыг нь олохгүй. Ийм мэдрэмжийг мэдрээгүй ч болоосой гэж хэлэвч хазаарлаж дийлээгүй сэтгэл. Гэвч ихэнх нь “Энэ мэдрэмж юугаараа буруу гэж?” хэмээн зөвтгөх, өөрийгөө цагаатгах элдэв шалтгаан тоочиж, буруугаа бусад руу нялзаана. Энэ тохиолдолд ханиа өөрийг нь ойлгодоггүй, хүйтэн хөндий байсан гэж  буруутгадаг. Ийнхүү ямагт ганцаардлыг мэдэрдэг болохоор буруу хүнтэй гэрлэжээ гэж өөртөө үнэмшүүлнэ. Ингэж мэтгэх нь үнэхээр үнэмшилтэй санагдавч, түүний дотоод зөрчил тэмцэл үргэлжилсээр. Яагаад гэвэл, түүний дотор байгаа хүн чанар түүний сэтгэл хөдлөлийг давж гарч, мэргэн ухаантай байхыг ятгаж байгаа хэрэг. 

Хүн сэтгэлийн гүндээ юу зөв эсэхийг мэдэх бөгөөд тэр зөв зүйлээ үйлдэхийг хүсдэг. Гэвч бодол болон мэдрэмж орших сэтгэл санаанд нь тэс өөр зүйл эргэлддэг. Энэ байдал нь сайн үр дүн авчрах бус харин тухайн мөчид сайхан санагдаж байгаа зүйлийг хүсдэг. Тэрээр сэтгэл хөдлөл, мэдрэмждээ удирдуулсан хүн өөрийнх нь хүсч байгаа зүйл зөв буруу эсэхийг анзаардаггүй. Гэвч дотоод хүмүүн чанар сэтгэлийн чанадаас буруу муу зүйлийг огтхон ч сэтгэл зовж, түгшихгүйгээр үйлдчихээд , түүнийгээ хайхрахгүй өнгөрөөж чадахгүй. Тэр нүгэл үйлдвэл, энэ нь зөв бурууг мэдэхгүйн хар гайгаас үүдэлтэй биш. Харин амьдралынхаа туршид сэтгэл хөдлөлдөө захирагдаж ирсэн зуршилтай нь шууд холбоотой.  

Энэ бүх сэтгэл хөдлөл мэдрэмж бол угтаа сайн ч, бас муу ч юм бишээ. Мэдрэмж угаас тогтворгүй тул хүн түүнийг захирах ёстой.

Сэтгэл хөдлөл нь тааламжтай сайхан байж болох ч зовлонд унагаж, эцэст нь биднийг харамсахад хүргэх сонголтыг хийлгэх нь ч бас бий. Жолоо цулбуургүй сэтгэлийн хөдөлгөөнийг бүгдийг авах, хийх гэж зүтгэх балчир хүүхэдтэй зүйрлэж болно. Эцэг эх нь хүүхдээ захирах ёстой, эс бөгөөс тэр өөрийгөө болон өрөөлийг хохироох нь зайлшгүй. Түүнчлэн бид сэтгэлийн хөдөлгөөнөө захирах ёстой. Бид сэтгэл хөдлөлийнхөө боол нь болохгүйн тулд түүнийг захирч сурах хэрэгтэй .