Өнөөдрийн ажиллах хүчинд шаардлагатай чадварууд өнгөрснөөс тэс өөр. Үүнтэй ижил логикоор үзвэл ирээдүйн ажил мэргэжил ч мөн цоо шинэ чадварыг шаардах нь зайлшгүй юм. Шинэ үүрэг хариуцлага, даалгавар орж ирснээр одоо байгаа ажлын байрууд ч огцом өөрчлөгдөх хандлагатай. 

Дараагийн 10 жилд тэр тусмаа бид маш их өөрчлөлтийг хүлээж байна. 

Автоматчилал, Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал нь эдгээр өөрчлөлтийн гол хүчин зүйл, түлхэц болно. 

Дата чадвар

Дата болон хиймэл оюун ухаан нь ирээдүйд өсөлтийн гол хөдөлгөгч хүч болно. Дата нь бидний хэзээ ч төсөөлж байгаагүй их хэмжээний байна. Энэ нь үйлдвэрлэлийн процессыг сайжруулахаас эхлээд дэлгүүрийн лангуунд ямар бараа байрлуулахыг ч зааж өгнө. Их дата хэмжээ, хэрэглээний цар хүрээ ойрын жилүүдэд огцом нэмэгдэх учраас цуглуулсан датаг эмхлэх, үр дүнг нь тайлан унших, үүн дээр үндэслэн шийдвэр гаргах чадвар шаардлагатай болж байгаа юм. 

Дата чадвар хамгийн их шаардагдах ажлын байр нь бизнес шинжээч, дата шинжээч, маркетер гэж үзэж байна. 

Хиймэл оюун ухаан

Хиймэл оюун ухаан нь дататай хослох чадвар юм. Хиймэл оюун ухаан, машин лернинг нь Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын гол хөдөлгөгч хүч гэдгийг бид бүгд мэднэ. Энэ нь бидний хэрхэн ажиллах, хэр хурдацтай ажиллах, хэр оновчтой шийдвэр гаргах хэв маягийг бүгдийг нь өөрчлөх болно. Хиймэл оюун ухааны чадвар нь хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, хэрэгжүүлэх чадвар юм. Ажил олгогчид ажиллах, амьдрах хэв маягаа автоматжуулж, хялбаршуулахын тулд энэ чадвар бүхий мэргэжилтнүүдийг эрчимтэй хайж эхэлжээ. Хиймэл оюун ухаан хөгжүүлэх чадварын гол бүрэлдэхүүн чадвар нь аналитик болон програмчлах чадвар юм. Энэ чадвар хамгийн их шаардагдах ажлын байр нь UI дизайнер, бизнес ухааны шинжээч, машин лернинг инженер гэж үзэж байна. 


Блокчейн технологи

Блокчейн нь 2020 онд ЛинкедИны хамгийн эрэлт өндөртэй чадварыг тэргүүлсэн байна. Блокчейн нь Биткойноор л хязгаарлагдах ч, хэрэглээ нь улам өсөх юм байна. Энэ нь мөн Дэлхийн Эдийн засгийн форумын 2027 он гэхэд дэлхийн ДНБ-ы 10% нь блокчейнд хадгалагдана гэсэн тооцоололтой холбоотой ч байж магад. Масачусетийн технологийн институт нь аль хэдийн блокчейн мэргэжлийн сургалт, зэрэг олгоод эхэлсэн байна. Блокчейн шаардагдах ажлын байр нь блокчейн инженер, хуулийн зөвлөх, UX дизайнер гэж үзэж байна. 


Борлуулалт ба маркетинг

Энэ ажлын байрууд нь ирээдүйн карьер мэт сонсогдохгүй ч энэ нь ирээдүйн ажиллах хүчинд зайлшгүй шаардлагатай чадварт тооцогдож байна. ЛинкедИнд ч мөн борлуулалтын чадварыг 2020 оны топ-10 чадварын 1-д оруулсан байна. Харин маркетингийг сошиал медиа, дижитал контентоор огцом өөрчилсөн. Гол нь дата цуглуулах, үзүүлэлтийн хэмжигдэхүүний аналитик хэрэгслүүд нь маркетеруудыг өрсөлдөөнд дээгүүр гарахад туслаж байгаа юм. Энэ чадвар шаардагдах ажлын байр нь сошиал медиа менежер, борлуулалтын менежер юм. 


Эрүүл мэнд ба сувилахуй

Дэлхийн хүн амын насжилттай уялдан энэ салбарын чадварын эрэлт ч мөн дээгүүр жагсаж байна. Ялангуяа энэ нь Европ, Хойд Америк, Зүүн өмнөд Азид илүү түгээмэл байна. Ирээдүйн ажиллах хүчинд сувилахуй, эрүүл мэндийн чадварууд маш их эрэлтэд орох юм байна. Үүнд холбоотой ажлын байр нь сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтэн, эмч орж байна. 


Сэтгэл хөдлөлийн ухаан

Сэтгэл хөдлөлийн чадвар нь ирээдүйн чадварт хамгийн их дурдагдсаар ирсэн чадвар билээ. Сэтгэл хөдлөлийн ухаантай ажилчид нь ирээдүйд карьерын хувьд ч, цалин орлогын хувьд ч дээгүүр жагсах төлөвтэй. Бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чадвар нь сэтгэл хөдлөлийн ухааны гол төв болохыг ТЕД шоунд Брене Браун дурдсан. Сэтгэл хөдлөлийн чадвар эзэмшсэн хүмүүс өөрийн мэдрэмж болон бусдын мэдрэмжид соргог хандаж, үйлдэл, шийдвэр гаргалтандаа ашигладаг. Эдгээр чадвар нь маш олон өөр хүнтэй харилцах, хамтран ажиллах орчинд амжилттай ажиллах, стрессийг багасгах, үр дүн, бүтээмж өндөр байхад тусална. 


Бүтээлч сэтгэлгээ

Бүтээлч сэтгэлгээ нь ирээдүйн гол чадварын нэг. Энэ чадвар нь зөвхөн бүтээлч ажил мэргэжилд хамааралтай биш. Харин ч бүх салбар нэгжүүдэд хэрэгтэй чадварт тооцогдож байна. Бүтээлч сэтгэлгээ нь менежмент, манлайлал, шинжлэх ухаан, инженерчлэлд маш чухал чадварт тооцогджээ. Бүтээлч сэтгэлгээ дотор маш олон жижиг чадварууд багтаж байгаа юм. Үүнд, жишээлбэл, зарчимч сэтгэлгээ, уян хатан сэтгэлгээ, төвөгтэй асуудал шийдвэрлэх юм. Энэ чадвар нь дан ганц боловсролоор хөгжих биш мөн хувь хүний туршлага, хичээл зүтгэлээр хөгжих боломжтой чадвар юм.