Үндэсний аудитын газраас өнөөдөр Цэвэр агаарын сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүнг танилцууллаа.


Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой гарсан эрх зүйн шийдвэрүүд нь хоорондоо уялдаагүйгээс энэхүү харилцааг нэгдмэл удирдлагаар бүрэн зохицуулж чадаагүй байна

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хоорондоо зөрчилдсөн олон эрх зүйн баримт бичиг гарсан нь үйл ажиллагааны үр дүнд сөргөөр нөлөөлжээ. 

Тухайлбал, 

▪ ЗГ-аас 2012-2013 онд “Нүүрс хөтөлбөр”-ийн хүрээнд түүхий нүүрсний хэрэглээг дэмжиж нэг тонн түүхий нүүрсийг 80.0 мянган төгрөгөөр борлуулах ажлыг зохион байгуулсан нь УИХ-аас 2012 онд шинэчлэн найруулж баталсан Агаарын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д “агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс шатаахыг хориглох” гэсэн заалттай зөрчилдөж байна; 

▪ БОАЖС /Л.Гансүх/-ын 2011 оны А-200 дугаар тушаалаар баталсан “ЦАС-ийн стратеги, бүтэц зохион байгуулалтын хөтөлбөр”-ийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн 2.3.3-т “ЦАС нь Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах” гэж заасан нь 2010 оны Агаарын бохирдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд агаарын бохирдлын төлбөрийг татварын алба хариуцна гэж заасантай нийцэхгүй байна. 

▪ АББҮХ-ны 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолын 2-т “Сайжруулсан түлшийг хадгалах, тээвэрлэх, борлуулах аж ахуйн нэгжүүдийг холбогдох хуулийн хүрээнд сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахыг Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга /Ж.Эрдэнэбат/-д ...даалгасугай” гэсэн заалт нь “АББҮХ-ны ажиллах журам”-ын 3.1 дэх АББҮХ-ны бүрэн эрхэд тусгагдаагүй байна, 

▪ АББҮХ-ны дарга, гишүүдэд ЗГ болон ЕТГ-ын ажилтнууд давхар ажиллаж байснаас үйл ажиллагаа нь холилдох асуудлууд гарч байсан байна. Тухайлбал, ЕТГ-ын дарга /Д.Баттулга/ агаарын бохирдолтой холбоотой асуудлаар БОАЖС /Л.Гансүх/-д явуулсан 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн тг/593 дугаар албан бичгийг НАББҮХ-ны хаягаар бус ЕТГ-ын хаягаар хаягласан нь МУ-ын Ерөнхийлөгч /Ц.Элбэгдорж/-ийн 2009 оны 27 дугаар зарлигаар баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрэм”-ийн 7-д заасан Тамгын газрын даргын үүрэгтэй зөрчилдөж байна. 


Цэвэр агаарын сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүн дараах дүгнэлтийг гаргажээ

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг хангах байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт тогтворгүй, үйл ажиллагаанд тавих хяналт орхигдсон байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа зарим төрийн байгууллагуудын чиг үүрэг давхацсанаас зарим үйл ажиллагаа орхигдсон байна.

2017 оноос өмнө агаарын бохирдлыг бууруулах талаар бие даасан үндэсний хөтөлбөр батлагдаагүй байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын төлөвлөлт, түүний хэрэгжилт үр нөлөө хангалтгүйгээс зорилгоо бүрэн хэрэгжүүлж чадаагүй байна.

Агаарын бохирдлын хамрах хүрээ нэмэгдэж агаар дах хорт бодисын агууламж стандартад заасан түвшнээс хэтэрсэн хэвээр байна.

Агаарын бохирдлын төлбөр ногдуулах хэмжээ өнөөгийн нөхцөл байдалтай уялдахгүй байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга, хэмжээний гүйцэтгэлд тавих хяналт дутагдсанаас зөрчил гарч хууль, хяналтын байгууллагаар шалгагдсан байна.

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хэрэгжилтэд тавих дотоод хяналт хангалтгүй ажилласан байна.

Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны хэрэгжилтэд хөндлөнгийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтын мөрөөр тодорхой арга хэмжээ авч ажиллаагүй байна.

Энэ талаарх Үндэсний аудитын газрын тайлангийн бүрэн эхтэй ЭНД дарж танилцана уу.