Пакистаны өмнөд хэсгийн жижиг тосгон болох Ратто Дерод хүүхдүүд өвдөж эцэг эхчүүд нь тэдний халуун нь буурахгүй байгаа талаар эмчид хандан гомдоллож байв. Долоо хоногийн дотор ижил шинж тэмдэгтэй хүүхдүүд нэмэгдэж ирсээр л.

Аргаа барсан эмч Имран Аарбани хүүхдүүдийн цусыг шинжилгээнд илгээжээ. Гэвч айж байсан айдсыг нь уг шинжилгээний хариу нотолсон байна. Хүүхдүүд ХДХВ-ийн халдвар авсан нь тодорхой болсон ч хэрхэн  халдвар авсныг хэн ч таамагласангүй.


Өнгөрсөн сарын 24 гэхэд нийт 15 хүүхэд уг халдвараар оношлогдсон ба эцэг эхчүүдэд нь шинжилгээ хийхэд аль аль нь халдваргүй нь тогтоогдсон тухай эмнэлгийн эмч BBC-д мэдээлжээ. 


Энэ бол зөвхөн эхлэл байсныг хэн ч мэдсэнгүй.

Өнгөрсөн сард 607 хүн ДОХ-ын халдвар авчээ. Тэдний 75 хувь нь хүүхдүүд гэдэг нь тогтоогдсон байна. Өвчний халдвар газар авсан талаарх яриа тархсан учраас гэр бүлүүд Синд мужийн эрүүл мэндийн хэлтсийн эмнэлгийн гаднах тусгай кэмп руу яаран очих болжээ. 

Хамгийн гайхалтай нь өвчний дэгдэлт нь тус бүс газрыг анх удаа дайрсан тохиолдол биш бөгөөд ойрын жилүүдэд халдвар тархсааар  иржээ. 2016 онд уг өвчний дэгдэлт гарсантай холбогдуулан Синд мужид байрлах бүс нутгуудын оршин суугчдад шинжилгээ хийж, хэдэн мянган хүмүүсийг хамруулсан байдаг.


Тухайн үед 1521 хүн тухайн өвчний халдвартай болохыг илрүүлсэн тухай тоо баримтыг Синдийн ХДХВ-аас хамгаалах хөтөлбөрийн статистикаас харж болно. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байсан ба бүс нутгийн биеэ үнэлэгчдийг буруутгаж байсан бөгөөд тэдний ихэнх нь трансжендер байжээ. Тэдгээр биеэ үнэлэгчдийн 32 нь тус вирусын халдвартай байсан нь тогтоогджээ.

Өвчиний тархалтанд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг авч үзэхэд алслагдмал хөдөө орон нутагт баталгаагүй эрүүл мэндийн үйлчилгээг хямд, ойр гэсэн шалтгаанаар үйлчлүүлж, ариутгаагүй  тариур болон цус шилжүүлэх үед халдварласан, халдвар тээгч эх хүүхдээ хөхүүлсэнээс тархсан гэж үзэж байна.