Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нийт 35 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тухайлбал “Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдээс мэдээлэл ирүүлэх, түүнд хяналт тавих журам”-ыг шинээр баталж, “Зохицуулалттай этгээдийн мэдээллийн сангийн журам” баталсан тогтоолыг хүчингүй болгов.

Мөн, үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон “Ай трейд ҮЦК” ХХК, “Эм Даблью Ти Эс ҮЦК” ХХК, “Финанс линк групп ҮЦК” ХХК, “Говийн ноён нуруу ҮЦК” ХХК, “Превалент ҮЦК” ХХК, “Би Би Эс Эс ҮЦК”ХХК-ийн нийт 30 155 харилцагчийг “Бумбат Алтай ҮЦК” ХХК-д, “Зюс капитал ҮЦК” ХХК”-ийн нийт 289 харилцагчийг “Би Ди Сек ҮЦК” ХК-д, “Бага хээр ҮЦК” ХХК-ийн 711 харилцагчийг “Өндөрхаан инвест ҮЦК” ХХК-д тус тус шилжүүлэхээр тогтлоо.

Энэ шийдвэрийг “Үнэт цаасны брокер, дилер, андерайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын дагуу хугацаа алдалгүй хэрэгжүүлж, холбогдох баримтыг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хүлээлцэх, тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон нэр бүхий 8 компанийн харилцагчдад мэдээлэл хүргэж, үнэт цаасны арилжаанд оролцох боломжоор хангаж ажиллахыг Зохицуулалттай этгээдийн эрх хүлээн авагч, Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын  газрын орлогч дарга Б.Долгорсүрэн, “ҮЦТХТ” ХХК-ийн захирал Ш.Лхагва, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн захирал Х.Алтай нарт болон “Бумбат Алтай ҮЦК”, “Би Ди Сек ҮЦК”, “Өндөрхаан инвест ҮЦК” ХХК-уудад даалгав.

Татан буугдсан брокер, дилерийн компаниудын харилцагчдыг үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад зохих журмын дагуу шилжүүлснээр дээрх 31 мянга гаруй харилцагчид нэмэлт төлбөр, зардал чирэгдэлгүйгээр үнэт цаасны дансаа үргэлжлүүлэн эзэмшээд явах, хөрөнгийн зах зээлийн харилцаанд саадгүй оролцох боломж бүрдэх юм.

Түдгэлзүүлээд байсан 3 ХЗХ, 1 ББСБ-ын хадгаламж, зээлийн болон банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээн, 8 ХЗХ-ныхыг сунгаж, 1 ХЗХ, 5 ББСБ-д шинээр болон нэмж тусгай зөвшөөрөл олгов. Мөн тус бүр нэг компанид даатгалын зуучлагчийн, даатгалын хохирол үнэлэгчийн тусгай зөвшөөрөл олгож, үнэт цаасны зах зээлд оролцогчид хөрөнгийн үнэлгээний, даатгалын байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлэх эрхийг тус бүр нэг компанид өглөө.

Түүнчлэн, “Буянт хадгаламж”, “Өөдлөх кредит” ХЗХ-д, “Мэжит капитал ББСБ”, “Нарны хөтөч ББСБ”, “Хамона ББСБ” ХХК-уудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, “Цэнуж ББСБ”, “Андын дэмжлэг ББСБ”, “Гүн түншлэл ББСБ”, “Эбо инвест ББСБ” ХХК-уудын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.