ВАШИНГТОН. /The Washington Post/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын орлого, зарлагын асуудал эрхэлсэн хорооны дарга Ричард Нилийн шаардлагыг АНУ-ын Сангийн яам дахин биелүүлсэнгүй. Тэрбээр өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татварын тайлангийн талаарх мэдээллийг заасан хугацаанд буюу энэ сарын 23-ны 17:00 цагаас өмнө өгөхийг шаардсан байна.

Энэ тухай АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мэдэгдэхдээ “Д.Трампын татварын тайлангуудыг өгөх шийдвэрийг ирэх сарын 6-н гэхэд гаргасан байх болно. Энэхүү шаардлага нь хуульд нийцэх эсэхийг тодорхой болгох хүртэл Сангийн яам хүсэлтийг биелүүлэхгүй” гэжээ. Түүнчлэн шийдвэрийг АНУ-ын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй зөвлөлдсөний дараа гаргана гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ. 

Ерөнхийлөгч Д.Трампын сүүлийн 6 жилийн татварын тайлангуудын мэдээллийг өгөхийг Ричард Нил энэ сарын дундуур Дотоодын орлогын үйлчилгээний газраас шаардаж, 4 дүгээр сарын 23-ныг мэдээлэл өгөх эцсийн хугацаа хэмээн заажээ. Өмнө нь тэрбээр 4 дүгээр сарын 10-н гэхэд татварын тайлангаа өгсөн байхыг шаардсан хэдий ч Сангийн яам шаардлагыг биелүүлээгүй юм. 

АНУ-ын ерөнхийлөгч татвараа төлж байгаа эсэхийг Дотоод орлогын үйлчилгээний газар хуулийн дагуу шалгах ёстой гэж үзэж байгаагаас үүдэн Ричард Нил энэхүү хүсэлтийг гаргажээ. Харин Ерөнхийлөгч Д.Трампын хувьд татварын тайлангаа өгөх бодолгүй байгаагаа мэдэгдсэн байна. Түүний эзэмшдэг компаниудад зохих байгууллагууд хяналт шалгалт хийж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан татварын мэдээллийг нийтлэх явдлыг зохисгүй гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг