УИХ-ын чуулганы хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа зарчмын зөрүүтэй заалт бүрээр санал хураасан юм.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Тавантолгойг хөдөлгөх тогтоолын төслийг гишүүдийн 83.1 хувийн саналаар баталлаа.

Эдийн засагчид энэхүү томоохон төслийг эрчимжүүлснээр эхний жилүүдэд жилд 5000-8000 шууд ажлын байр бий болно. Мөн төмөр зам зэрэг олон хүлээгдэж буй бүтээн байгуулалтын өрнөх юм.

Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолыг эрчимжүүлэх зорилгоор боловсруулсан. Төсөл хоёр үндсэн заалттай бөгөөд төсөлд дараахь 6 асуудлыг тусгажээ. Үүнд:
 
-УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын “б”,”в”-д заасны дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг  гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх;

-Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

-Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх;

-Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах;

-Энэхүү тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад тусгагдсан арга хэмжээг хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, шаардлагатай бол холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан боловсруулж зохих журмын дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.