Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Тогтоолд Тавантолгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Тавантолгойн ордын нүүрсийг нэмүү өртөг шингээн баяжуулж, эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх замаар ордын үнэ цэнийг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар хураамж орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулах нь чухал юм.

Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ сард хэлэлцэн баталсан. Энэ оны 7 дугаар сард багтаан төслийн урьдчилсан зураг төслийг хийж дуусгахаар төлөвлөжээ.

Тус нүүрс баяжуулах үйлдвэр нь тус бүр 10 сая тн/жил хүчин чадал бүхий 3 блокоос бүрдэх бөгөөд үйлдвэрийн бүрэн хүчин чадал нь 30 сая тн/жил байх юм. Төслийн нийт өртөг 911.53 сая ам.доллар, хөрөнгө оруулалтаа 7 жилийн дотор нөхөх өндөр үр өгөөжтэй гэж үзэж буй. 

Үйлдвэрт Тавантолгойн ордын коксжих, сул коксжих нүүрсийг баяжуулж, хатуу коксжих нүүрсний баяжмал, хагас зөөлөн коксжих нүүрсний баяжмал, мидлингийг гаргаж, дэлхийн зах зээлд нийлүүлнэ.  

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор мянга орчим ажлын байр шинээр бий болж, улсын болон орон нутгийн төсөвт 208.45 сая ам.долларыг төвлөрүүлэх боломжтой аж.