УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан С.Баярцогтын Швейцарь дахь данснуудын гүйлгээний хуулгыг авчирсан гэх мэдээллийг нэр бүхий гишүүд үгүйсгэсэн мэдээлэл хийсэн билээ. 

Уг асуудал дээр УИХ Т.Аюурсайхан тайлбар хийлээ.

Тэрбээр дээрх гишүүд өөрийг нь худлаа ярьсан мэтээр тайлбар хийж мушгин гуйвуулсан нь ямар ч мэдээлэлгүйнх. Тийм учраас тайлбар хийхээр шийдсэн гэв.

Т.Аюурсайхан “Швейцарын “Credit Suisse AG” банкан дахь Сангийн сайд асан С.Баярцогтын ам.долларын гурав, еврогийн хоёр буюу нийт таван дансны 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгсөн гэдгээ дахин хэлэв. Мөн тэрбээр,

"Миний авсан мэдээллээр АТГ-т миний авчирсан мэдээлэл очоогүй юм билээ. Энэ мэдээлэл бол зөвхөн иргэн С.Баярцогтод хамаарах зүйл биш ээ. 2018 оны 9 дүгээр сараас түүний офшор данс нээгдэж эхэлсэн байдаг. Оюутолгойн гэрээ үүнээс сарын дараа хийгдсэн, бас тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан учраас хардаж болох он цагийн давхцал харагдана. Ийм чухал, ач холбогдолтой асуудал учраас би энэ баримтыг авчирч хуулийн хяналтын байгууллагад өгсөн юм. Чухам яагаад зохих газар нь очоогүй нь тодорхойгүй. 

Энэ бол ганц миний оролцоотойгоор хийгдсэн ажил биш. Швейцарийн хуулийн байгууллагын тусламжтайгаар офшор данстай холбоотой баримтыг авч ирсэн. Бид монголын хуулийн байгууллагад шаардлагатай мэдээллийг нь олоход тусламж үзүүлэх үүрэгтэй. Энэ дагуу бид Швейцарийн “Credit Suisse AG” банкинд хүсэлт тавьсан. Мөн манай ТББ-ууд ч бас идэвх санаачилгатай ажилласан. Анхнаасаа би айлчлалын бүрэлдэхүүнд багтахын тулд өөрөө хүсэл зорилгоо илэрхийлсэн.

Үүнийг зарим гишүүд мэдээгүй. УИХ дарга бид хоёр л мэднэ. Яагаад гэвэл айлчлалын хөтөлбөрт багтаагүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Пүрэвдорж нарт офшорын талаар ойлголт байхгүй. Энэ асуудлаар хуруугаа ч хөдөлгөж үзээгүй улс. Ямар ч үүрэггүйгээр айлчлалын бүрэлдэхүүнд багтсан байна лээ. Мэдээлэл хийсэн миний зорилго бол дансны хуулгуудыг хуулийн байгууллагууд дарагдуулахаас сэргийлж, олон нийтийн сонорт хүргэх" гэв.


УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Пүрэвдорж нар юу хэлэв?

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй нэр бүхий долоон гишүүн Швейцарь улсад албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд бол Ц.Гарамжав, О.Баасанхүү, Л.Болд, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Т.Аюурсайхан нар юм. 

Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж,

"Швейцарьт гишүүд ажиллах үеэрээ тус улсын хууль хяналтынхантай огт уулзаагүй. Т.Аюурсайхан ганцаараа шѳнѳ дѳлѳѳр уулзчихаагүй л бол ѳдрийн цагаар ийм уулзалт болоогүй. С.Баярцогтод хамаарах дансны мэдээлэл биднийг Швейцарьт айлчлахаас 14 хоногийн ѳмнѳ Гадаад харилцааны яаманд ирсэн. Үүнийг өөрөө авчирсан мэтээр ярьсан байна лээ"  хэмээн тайлбар хийсэн.

Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүдийн нэг О.Баасанхүү ч бас өнөөдөр news.mn сайтад өгсөн ярилцлагадаа айлчлалын үеэр протколд батлагдаагүй ямар ч арга хэмжээ болдоггүйг онцлоод 

"Тэр хүн хэнтэй уулзсан, юу ярьсан, цүнхэнд нь ямар бичиг байсан гэдгийг нь тогтоох боломжгүй. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан намрын чуулганы хуралдааны үеэр “Гурван машин нотлох баримтыг шатаасан гэж мэдэгдсэн. Мөн гэрт нь тагнах, чагнах төхөөрөмж байршуулаад тэр нь илэрсэн” гэж Т.Аюурсайхан өөрөө ярьсан. Үүнд хуулийн байгууллага хариулт өгөөгүй.  Ирсэн гээд байгаа бичигт нь ч гэсэн хуулийн байгууллага хариулах ёстой. Сүүлийн үед янз бүрийн мэдээлэл гаргадаг айхтар сэтгүүлч мөн улстөрчид гарч ирсэн. Би 20 жил хуулийн ажил хийлээ. Зөвхөн хуулийн байгууллага мэдэх ёстой, мэдэх бололцоотой, цаашлаад зөвхөн гүйцэтгэх ажлаар мэдэх боломжтой тэр мэдээллүүдээр сүүлийн үед шоу хийх боллоо" гэсэн байна.