Эрдэнэтийн 49 хувийг Сингапурын компанид худалдсан байна хэмээн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд нар өнгөрсөн 1 дүгээр сард мэдэгдэж байсан. Улмаар тус асуудал үнэн эсэхэд хариулт өгөхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардаж, асуулга хүргүүлсэн билээ.

Харин Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч Монголын зэс корпораци нь дээрх мэдээллийг гүтгэлэг, худал мэдээлэл хэмээн МЭДЭГДЭЛ гаргаж байсан. /Тус мэдэгдлийг ЭНД дарж уншина уу./

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус асуулгын хариуг ирүүлсэн талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг худалдаж авсан гэж буй "Mongolian Copper Corporation" /Монголын зэс корпораци/өөрийнхөө эзэмшлийн нийт хувьцааг Сингапур улсад бүртгэлтэй "Erdenet CORP PTI LTD" гэдэг компанид шилжүүлсэн талаарх мэдээллийг бид олон нийтэд ил болгосон. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүлсэн бөгөөд асуулгын хариуг өчигдөр буюу 2 дугаар сарын 26-нд албан тоот бичгээр бидэнд ирүүллээ. 

УИХ-ын нэр бүхий гишүүд энэ талаар мэдээлэл хийхэд иргэн Ц.Пүрэвтүвшингийн зүгээс УИХ-ын нэр бүхий гишүүд үндэслэлгүй мэдээлэл хийсэн. Аливаа эзэмшлийн хувьцаагаа гадаадын этгээдэд шилжүүлээгүй, нэр төрд халдаж, гүтгэлээ гэсэн мэдэгдэл гаргасан.

Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сарын 14-ны өдөр "Mongolian Copper Corporation"-ээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан байна. Хандахдаа нийт хувьцаагаа Сингапур улсад бүртгэлтэй  "Erdenet CORP PTI LTD" компанид шилжүүлэх хүсэлтээ 88 хуудас баримт бичгээр хүргүүлсэн байна. 

"Erdenet CORP PTI LTD" компани нь Сингапур улсад бүртгэлтэй бөгөөд эзэмшигч нь иргэн Ц.Пүрэвтүвшин байна. Өөрөөр хэлбэл Ц.Пүрэвтүвшин дээрх компанийг Сингапурт үүсгэн байгуулаад бүх хувьцаагаа тус компанидаа шилжүүлэх хүсэлт гаргажээ.

Ийм хүсэлт гаргахдаа 2 ААН хооронд гэрээ байгуулсан байна. 

Тус гэрээнийхээ:

1.1-т, Нийт хувьцаагаа 112 тэрбум, нэг сая төгрөгөөр үнэлсэн, үүнийгээ ам.долларт шилжүүлэхдээ 41 сая 999 мянга 535 ам.доллараар үнэлж худалдахаар зааж өгчээ.

5.1-т, Талууд гэрээнд гарын үсэг зурсны дараа гэрээний урьдчилгаа төлбөрт 110 мянган ам.долларыг шилжүүлэхээр тохиролцжээ. 

Энэ материалуудаа Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн байна.

2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр "Mongolian Copper Corporation"-ын нийт хувьцааг "Erdenet CORP PTI LTD" компанид шилжүүлэх урьдчилгаа болох 80 мянга 326 сингапур долларыг, нэгдүгээр сарын 17-ны өдөр 50 мянган ам.долларыг иргэн Ц.Пүрэвтүвшингийн хувийн дансанд  "Erdenet CORP PTI LTD" компаниас шилжүүлсэн банкны тодорхойлолтыг хавсаргасан байна.

Тэгэхээр нэр бүхий УИХ-ын гишүүд бидний мэдээлж байсан мэдээлэл үнэн бодит болох нь үүгээр нотлогдож байна" хэмээн мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.