УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өчигдөр УИХ-ын даргатай холбоотой асуудлаар өөрийн цахим хуудаснаа "Хүчээ сарниулж төөрөгдөхгүйн тулд хоёр асуудлыг тайлбарлая" хэмээн байр сууриа бичжээ.

Тэрээр "ХҮЧЭЭ САРНИУЛЖ ТӨӨРӨГДӨХГҮЙН ТУЛД хоёр асуудлыг тайлбарлая.

1. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг нам, эвслийн бүлэг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулж болох хуультай нь Намын бүлэгт бид олонх боловч УИХ-ын даргыг чөлөөлөх хуульд заасан 5 үндэслэлийн нэг үүссэний дараа буюу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсны дараа, эсвэл түүнийг өргөдлөө өгсний дараа л дүгнэлтээ гаргаж УИХ-д танилцуулах боломжтой юм.

2. М.Энхболд УИХ-ын дарга байгаа тохиолдолд түүнийг чөлөөлж болох хуулийн өөрчлөлт бүтэхгүй. Дэмжих олонх байгаа ч гэсэн М.Энхболд өргөн барихад хүлээж авна, авахгүй, хэлэлцэх асуудалд оруулна, оруулахгүй, хэлэлцэх асуудалд орууллаа гэхэд ямарч хугацааны дараа оруулах эрх нь түүнд байгаа бөгөөд хэлэлцэж эхэллээ ч гэсэн тэд нар олонх байгаа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр "Хуулийн өөрчлөлтийг төсөл санаачлагчид буцаах" горимын саналыг дуртай үедээ гаргуулж, дэмжүүлэх учраас бүтэхгүй юм.

Тийм учраас ёс зүйн хариуцлага, улс төрийн хариуцлага, УИХ-ын гишүүдийн олонхын тууштай байр суурь, олон нийтийн шаардлага үр дүнд хүргэх тул бид өөрсдийнхөө зүгээс шат дараалсан арга хэмжээг авч байна

Харин тэд 1. Мөнгө цацаж, 2. Цаг авч олон нийтийн санааг эргүүлнэ гэж тооцож байгаа юм билээ. Бүтэх эсэхийг та бүхэн хариулах байх" хэмээжээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан тэргүүтэй УИХ-ын зарим гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхийг шаардаад буй юм.