Манай сайт иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор Workcentral Mongolia-тай хамтран "Хэрхэн сайн хуримтлуулагч болох вэ?" арга хэмжээг зохион байгуулсан юм. Workcentral Mongolia-тай хамтран зохион байгуулсан энэ удаагийн зочин бол "Голомт" банкны иргэдийн бизнесийн хэлтсийн захирал Т.Дэнсмаа юм. Тэрбээр хуримтлалыг үүсгэх аргууд, түүний ач холбогдлын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. 


Хуримтлуулахад тохиромжтой цаг гэж үгүй

Орлого өндөртэй, эсвэл их мөнгөтэй болохоороо л хуримтлал үүсгэнэ. Эсвэл дараа сараас л яг хадгаламж нээлгэнэ дээ...Олон хүн ингэж боддог, хойш тавьдаг. Гэвч энэ бол хамгийн том алдаа юм. Учир нь хуримтлал үүсгэхэд тохиромжтой үе гэж хэзээ ч байдаггүй. Та өнөөдөр хуримтлуулахаар шийдсэн л бол шууд ажил хэрэг болгоорой.

Хэдхэн жилийн өмнө хадгаламж нээлгэхийн тулд заавал банкинд очиж дугаарладаг байлаа. Гэтэл өнөө цагт хормын дотор өөртөө хуримтлалын данс нээх боломжтой болсон цаг үе. 

Хүмүүс их мөнгөтэй хүн л хуримтлал үүсгэдэг гэж ойлгодог. Гэтэл хуримтлал гэдэг нь оргүй хоосноос саваа дүүргэх ойлголт юм. Тийм ч учраас хуримтлуулахад их, бага мөнгөтэй байх нь чухал биш. Гол нь тогтмол хуримтлуулж сурах нь чухал юм. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүн аливаа үйлдлийг 21 буюу түүнээс дээш удаа давтан хийхэд тархи үүнийг зуршил болгож суулгадаг байна. Тиймээс тогтмол хуримтлал үүсгэснээр өөртөө хуримтлуулах зуршлыг төлөвшүүлдэг. Хүн шүдээ хүчээр угаадаггүй шиг нэгэнт хуримтлуулах зуршилтай хүнд санхүүгийн дарамт ирдэггүй. Учир нь хуримтлуулах зуршилтай хүн санхүүгийн  сахилга баттай учраас орлогоо хамаагүй үрдэггүй байна.

 Дэлхийд алдартай тэрбумтан Уорен Баффет “Эхлээд хадгал, үлдсэнийг нь үр” гэсэн алдарт үгээ зүгээр ч нэг хэлээгүй.

Хүмүүс ихэнхдээ хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарцуулчихаад үлдсэнийг нь хадгална гэж боддог. Энэ нь зарим хүний өдий болтол нэг ч төгрөг хуримтлуулж чадаагүйн гол шалтгаан юм.

Магадгүй та үрэлгэн нэгэн бол орлогоос тань сар бүр тодорхой дүнгээр хуримтлалын данс руу автоматаар шилжүүлэг хийдэг банкны үйлчилгээг сонгож болно. Ингэснээр та мөнгөө банкинд тушаах гэсээр байтал үрчихдэг муу талаа залруулж чадна.


Хуримтлуулах боломж хүн бүхэнд байдаг



Цалин хүрэхгүй байхад яаж хуримтлуулах вэ гэж олон хүн шалтгаан тоочдог. Гэхдээ хуримтлуулах боломж хүн бүхэнд бий. Эхний алхам нь цалингаа  аваад хамгийн түрүүнд тогтсон дүнгээр хадгаламжиндаа мөнгө хийж үлдсэнийг нь зарцуулж сурах. Яг л НДШ, ЭМД төлөөд сурчихсан үлдсэнийг зарцуулдагтай адилхан. Үүнээс гадна мартаж болохгүй зарчим бий.

Гэнэтийн орлогоо аль болох бүгдийг нь ядаж 50 хувийг нь, байнгын орлогынхоо 10 хувийг л хадгалахыг зуршил болгоод сурчих. 

Энэ бол хуримтлуулж сурах алтан дүрмийн нэг. Бас өөртөө эхлээд төл гэсэн зарчим баримтлах ёстойг Т.Дэнсмаа захирал зөвлөж байна. Хүн өөрийгөө 20 эсвэл 30 жилийн дараа ямар хүсэл зорилготой хүн болсон байхаа төсөөлөөд өөртөө хадгалах зарчим юм. Магадгүй та тэтгэвэрт гарах насанд хүрсэн байх болов уу. Тэгвэл тэтгэврээс гадна хадгаламжтай бол өтөлсөн ч хүсч мөрөөддөг зүйлээ үргэлжлүүлэн хийсээр байх болно. Ингэхийн тулд л өнөөдөр өөрөөсөө илүүчлэн хадгалах нь чухал гэв.

Хүн бүхэнд хуримтлуулах, хадгалах боломж бий. Хамгийн энгийн жишээ гэхэд НӨАТ-ын урамшуулал, ажлын хажуугаар олсон орлого гэх мэт гэнэтийн ашигаа хадгалж хуримтлуулж болно.


Зээлээ дууссан ч зээлтэй юм шиг хадгал

Зээлийг хүн хариуцлагатайгаар төлж дуусгадаг. Учир нь банкинд цаг хугацаатай, хүүтэйгээр төлдөг учраас. Харин зээл дууссаны дараа санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн юм шиг л аашилдаг. Гэтэл өмнө нь зээл төлөөд амьдарч болоод байсан юм чинь энэ мөнгөө яагаад хуримтлуулж болохгүй гэж. Яг зээлтэй юм шиг сахилга баттайгаар хуримтлуулаад үз. Энэ зөвхөн таны л шийдвэрээс шалтгаална.

Сонирхолтой тооцоолол

Монголчуудын дундаж цалин сая төгрөг байгааг Статистикийн газраас мэдээллэсэн. Хэрэв үүний 10 хувийг хадгалвал сардаа 100 мянган төгрөг хадгалчих боломж хүн бүхэнд бий. Голомт банк Үндэсний хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 70 гаруй мянган хүн хамрагджээ. Тэдний тал хувь нь гурав дахь жилдээ хуримтлуулж байна.  Сар бүр тогтмол, өөртөө үнэнчээр хадгалдаг эдгээр хүмүүс тус банкинд хуримтлалын ач холбогдлыг мэдэрч, урамшиж үр шимийг нь хүртсэн талаар олон сайхан түүхээ хуваалцжээ.

Тэдний нэг бол эдгээр залуус юм. Тус банкны харилцагч Э.Одончимэг "Хүн хэдэн ч хадгаламжийн дэвтэртэй байж болно. Гол нь тухайн хуримтлал нь тодорхой зорилготой байх учиртай. Бид зорилго тавьсан учраас мөрөөдөл маань биелсэн" гэсэн юм. "Сансар Дижитал" компанид ажилладаг тэрбээр нөхөртэйгээ ярилцаад орон сууцтай болох зорилго тавьж, 3 жилийн дотор зээлийн урьдчилгаа болох 30 хувиа цуглуулан, 8 хувийн зээлд хамрагджээ. Энэ тухайгаа “Ямар нэг банк, ББСБ-аас зээл авалгүйгээр байр авч чадсан гэхээр өөрсдөөрөө үнэхээр их бахархаж байна. Хуримтлал бидний ирээдүйг илүү гэрэл гэгээтэй, зорилготой болгосон” гэсэн юм.

Хадгалахад саад болдог хамгийн буруу ойлголт

Одоо хуримтлуулж байгаа мөнгө 10-20 жилийн дараа үнэ цэнээ алдаад цаас болчихно.Хадгаламжийн хүү буурна, хүүгүй болох магадлалтай гэх яриа  бий. 

Ийм ойлголттой хүмүүс хадгаламжийн хүүг хэрхэн тогтоодгийг мэдээд авах нь илүүдэхгүй юм. Арилжааны банкууд инфляцийн түвшинтэй уялдуулан хадгаламжийн хүүгээ тогтоодог тул хадгаламж дахь мөнгө хэзээ ч үнэ цэнээ алдахгүй юм. 

Нөгөө талаас хадгаламжтай хүн аливаа эрсдэлд барьц алддаггүй. Иргэн баян бол улс баян гэдэг. Тухайн улсын иргэд хэдий чинээ их хуримтлалтай байна тэр чинээгээр улсын эдийн засаг нь бэхэждэг. Хямрал болсон ч хялбархан даван туулах дархлаа сууж, баян хоосны ялгаа багасдаг гээд олон давуу талтай ажээ.



Та хэр их хуримтлуулдаг вэ?

Дунд болон түүнээс дээш түвшний амжиргаатай хүн зайлшгүй бүхий л хэрэглээгээ хангах, болзошгүй эрсдэлийг даван туулах, аз жаргалтай амьдрахад шаардагдах нийт зардлыг багцаар нь тооцоолжээ. Энэхүү тооцооллыг 2,763 харилцагчийн хадгаламж, түүний зориулалт, томоохон зарцуулалтын хэмжээнд үндэслэн дунджаар гаргасан байна. Үүнд өдөр тутмын хэрэглээний зардлыг оруулаагүй болно.

Хүний амьдралын туршид хамгийн чухал, томоохон эдгээр 4 төрлийн хөрөнгө оруулалт хийгддэг. Энэ нь Боловсрол, Хүүхэд, Орон байр /+машин/, Эрүүл мэнд юм.

Жишээ нь хүн амьдралынхаа туршид:

1.Дээд боловсрол, мэргэжил дээшлүүлэхэд: 25 сая төгрөг

2.Хүүхэд, хүүхдийн боловсролд: 71 сая төгрөг

3.Орон байр, машин анх авах болон явцын дунд сайжруулахад: 197 сая төгрөг 

4.Эрүүл мэндэд: 20 сая төгрөг /зөвхөн урьдчилан сэргийлэх, даатгуулах, шинжилгээ оношлогоог байнга хийлгэх. Хэрэв өвчин тусаад эмчлүүлэх бол энэ зардал өснө./

5.Тэтгэвэрт гарсаны дараах хэрэглээ: 86 сая төгрөг /дундаж тэтгэвэр болон дундаж цалингаас 3 дахин бага. Тиймээс тэтгэвэрт гарсанаас хойш хэрэглээний зардал/

6.Аялал, бусад: 7 сая төгрөг

Нийт 406 сая төгрөг: Энэхүү мөнгийг цуглуулахад тухайн зарцуулалтыг хийхээс 1-10 жилийн өмнөөс хуримтлуулна. Тэрхүү хугацаанд мөнгөний үнэ цэнэ буурах буюу худалдан авах чадварыг инфляцийн түвшинд харгалзуулан нэмэгдүүлбэл 628 сая төгрөг болох юм.