Увс аймгийн “Ойрад” театрын нэр бүхий ажилтнуудаас ирүүлсэн гомдлын мөрөөр тус байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх болон ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх хэрхэн хэрэгжиж байгааг шалгажээ. Шалгалтаар  тус театрын барилга муудаж, суулт өгснөөс болж тосгуур, суултуурыг ашиглах боломжгүй болсон байжээ.
Мөн тус театрын дарга Б.Лхагвасүрэн нь ажлын өрөөндөө тухайн байгууллагад болж буй бүх үйл ажиллагааг хянадаг сонсох, чагнах төхөөрөмж байрлуулснаас гадна ажилтнуудын бэлтгэлийн болон хувцас солих өрөөнд дуу, дүрс бичлэгийн хяналтын камер байрлуулсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон байна.

Тэрбээр уг олж авсан баримт, мэдээллийг хувь хүний зөвшөөрөлгүйгээр нийт ажилтнуудын дунд, бусдад түгээсэн, нэр хүндэд халдсан, дарамт шахалт үзүүлсэн үйлдийг удаа дараа гаргажээ. 

Ажилтнуудаас авсан нээлттэй санал асуулгаар “Та ямар нэгэн ажлын байрны дарамтад өртөж байсан уу?” гэсэн санал асуулгад нийт 58 ажилтан оролцсоноос 24 ажилтан буюу 41 хувь нь “тийм” гэж хариулсан байна. “Хэрэв тийм бол хэн дарамт учруулж байсан бэ?” гэсэн санал асуулгад нийт 22 ажилтан буюу 37.9 хувь нь удирдлагын зүгээс ажлын байрны дарамтыг үзүүлдэг гэж хариулсан байна. 

Ийнхүү тус аймгийн “Ойрад” хөгжимт жүжгийн театрын дарга Б.Лхагвасүрэнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу шаардлага хүргүүлжээ.