Элчин сайд Ц.Жамбалдорж Ватиканы Нууц Архивын Гүйцэтгэх захирал, Хамба лам Сержио Пагано-тай энэ 7 дугаар сарын 4-ний өдөр албан өрөөнд нь уулзаж ярилцав. Ватиканы Нууц Архивт ХШ зууны үеэс буюу Их Монгол Улс байгуулагдсан цагаас дэлхий дахинтай, ялангуяа Ромын Пап лам нартай харилцаж ирсэн түүхэн захидал, баримт материал цөөнгүй тоогоор хадгалагдаж байх ёстой хэмээн манай эрдэмтэн судлаачид үздэгийг дурдаад, өнөөгийн байдлаар Монголын Их хаан Гүегээс Ромын Пап IY Инносент-д 1246 онд илгээсэн захидлын хувийг л Ватиканы талаас манайд хүлээлгэн өгсөнийг тэмдэглэж, тус архивт хадгалагдаж буй түүхэн материалуудтай танилцах, хувийг авах боломж олгохыг Элчин сайд хүслээ.

Монгол Улс латин, перс хэл бүхий 1-2 эрдэмтэн судлаачаа Ватиканы Нууц Архивт цөөн сараар ажиллуулж, судалгаа хийлгэх эрмэлзэлтэй байдаг ч зардал мөнгөний асуудлаас өнөөдрийг хүртэл арга хэмжээ авч чадахгүй явж ирснийг дурдахад, манай эрдэмтдийг судалгаа хийлгэх боломжтойг Гүйцэтгэх захирал Сержио Пагано илэрхийлэв.

Ватиканы Нууц Архивын Гүйцэтгэх захирал Сержио Пагано Ромын Папууд Монголын Эзэнт Гүрэнтэй харилцаж ирсэн 7 түүхэн материалуудын нэрсийг Элчин сайд Ц.Жамбалдоржид танилцуулж, улмаар монгол хэл дээр худам монгол бичгээр бичигдсэн хамгийн эртний баримт бичиг болох Ил хаант улсын Ил-хан Абага-гийн захидлын эх хувийг үзүүлэв.