Автомат жолоодлоготой Tesla компанийн машинуудын нэг нь энэ оны хагас хавьцаа Америкийг хөндлөн гулд туулах тухай тус компанийн захирал Элон Маск хэллээ. Тэрбээр лхагва гарагт компанийнхаа дөрөвдүгээр улирлын ашиг орлогыг тайлагнахдаа ийн мэдэгджээ. Маск өнгөрсөн онд аяллыг хийхээр төлөвлөж байсан ч хойшлуулсан билээ. Tesla компани өөрийгөө жолоодогч системийг 2016 оны аравдугаар сараас хойшхи бүх машиндаа суулгасан. Програм нь ажиллаж эхэлмэгц систем ажиллаж, өөрийгөө жолоодож эхлэх юм байна. 

Лос Анжелесаас Нью Йорк хүрэх аялалаа хойшлуулах болсон нь машины код бэлэн болоогүйтэй холбоотой гэсэн тайлбар өгсөн. "Нэг эргээс нөгөө рүү хүрэх гэж буй бидний аялал бол өөрийгөө жолоодогч машины технологид бидний хийсэн томоохон алхмыг харуулах болно. Үүнээс гадна програм бүтээх их ажил маань дууссан. Мэдээллийг шинжлэх, цуглуулах ажлыг түвшин ахиулж, энэ нь машины сурах чадварыг ихээхэн нэмэгдүүллээ" хэмээн Элон Маск захидалдаа бичжээ. 

Үндсэндээ Tesla-гийн бүх машин өөрийгөө жолоодох системтэй тул програм ажиллаж эхэлмэгц бүгд ажиллаж эхэлнэ. Тиймээс Tesla өөрийгөө жолоодогч машин бүтээж буй бусад компаниас хавь илүү урд алхах юм.