АНУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч “Tesla Motors” компани хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмэр оруулах зорилгоор цахилгаан автомашины технологийн патентуудаа дэлхий нийтэд нээлттэй болголоо гэж тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маск пүрэв гарагт мэдэгджээ.

“Бидний оюуны өмчийг ашиглахыг хүссэн, ашигласан хэний ч эсрэг бид зарга үүсгэхгүй. “Tesla Motors” компани зөвхөн өөрсдийн нэр хүнд, ашгаа бодоод ийм шийдвэр гаргахгүй байж болох байсан. Гэвч дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг дэмжиж, цахилгаан тээврийн хэрэгслийг бий болгохын төлөө уг шийдвэрийг гаргасан. Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулахад бидний оруулж буй хувь нэмэр хангалтгүй байна” хэмээн тэрбээр блогтоо нийтэлжээ. 

Мөн тэрбээр өмнө нь цахилгаан хөдөлгүүртэй автомашиныхаа технологийг томоохон автомашин үйлдвэрлэгч компаниудад алдахгүйн тулд патентаа хамгаалах алхмууд хийж байсан тухайгаа дурдсан байна.

Тус компани долоо хоногт 5000-7000 ширхэг “Model 3” загварын цахилгаан автомашин үйлдвэрлэж байна. Гэвч түүний хийсэн уг мэдэгдлийн дараа тус компанийн хувьцааны ханш дахин 10 хувиар унажээ.

Дашрамд дурдахад, тус компани энэ сарын 7-нд цахилгаан автомашины хамгийн том зах зээл болох БНХАУ-ын Шанхай хотод цахилгаан автомашины үйлдвэр байгуулах суурийг тавьсан бөгөөд энэ онд багтаан “Model 3” загварын үйлдвэрлэлийг тус хотод эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

 /ABS-CBN/