Гар хийцийн тэсрэх төхөөрөг бүхий илгээмжүүдийг шуудангаар явуулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа Сизар Сэйак нь АНУ-ын Бүгд Найрамдах намыг дэмжигч болох тухай телевизийн “NBC” суваг мэдээлжээ.

“NBC” сувгийн сурвалжлагч түүний мэдээлэлтэй танилцахад, Флорида муж улсын оршин суугч болох 56 настай уг этгээд Бүгд Найрамдах намд бүртгэлтэй байсан байна. Сизар Сэйак урьд нь Хойд Каролина, Нью-Жерси, Мичиган муж улсуудад, мөн Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт амьдарч байжээ.

Флорида муж улсын Майами хотын захад саатуулсан Сэйакийн цагаан өнгийн фругон машин бүхий бичлэгүүдийг тус сувгаар үзүүлсэн байна. Автомашин дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын, мөн дэд ерөнхийлөгч Майкл Пенсийн зураг болон тэднийг дэмжсэн янз бүрийн уриа лоозон бүхий зурагт хуудсуудыг наасан байжээ.

Тэсрэх төхөөрөг бүхий илгээмж явуулж буй нь “улс төрийн шалтгаантай” гэдэгт итгэлтэй байгаагаа АНУ-ын Нью-Йорк муж улсын захирагч Эндрю Куомо лхагва гарагт мэдэгдсэн билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өрсөлдөгчид болох тус улсын Ерөнхийлөгч асан Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, тэрбумтан Жорж Сорос, жүжигчин Роберт Де Нирод тэсрэх аюул бүхий төхөөрөг илгээсэн хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг баривчилсан тухай хууль сахиулах байгууллагынхан баасан гарагт мэдээлжээ.

Сизар Сэйакийг таван зүйл ангиар буруутгаж байгаа бөгөөд 58 жил хүртэл хорих ял оноож магадгүй гэж АНУ-ын  ерөнхий прокурор Жефф Сешнс мэдэгдсэн байна.

Түүнийг баривчилсны дараа хэвлэлүүдэд гэрэл зургийг нь нийтэлжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, www.nbcnews.com