С.Зоригийн амийг хөнөөсөн гэх хэргээр ял авсан Т.Содномдаржаагийн ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Т.Содномдаржаагийн ээж Т.Жавзмаа "Миний хүү С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ямар ч буруугүй. Хилсээр хэрэг тохож ял эдлүүлж байна. Гэтэл энэ хүний ар гэрийнхэн, үр хүүхэд нь маш хүнд байдалтай, сөнөж байна.

Т.Содномдаржаагийн ээж хэргийг хууль хяналт, тагнуулын байгууллагынхан үнэн зөвөөр нь шийдвэрлэх шаардлагатай. 

Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар С.Зоригийг хөнөөхийг захиалсан гэсэн утгатай ном хүртэл гарчихсан байна. Гэтэл яагаад энэ 2 хүнийг шалгахгүй байгаа юм бэ. Миний хүү чанга дэглэмтэй ангид 3 жил 3 сар хоригдож байна. Ямар ч хэрэг хийгээгүй байж.

С.Зоригийн амийг хөнөөсөн, дээрээс нь энэ хэргээ баллах зорилгоор айлийн гэр шатааж 4 хүний амийг хөнөөсөн гэх хэрэг нэмчихсэн. 

Гэр шатсаны улмаас 4 хүн амь үрэгдсэн хэрэг С.Зоригийн хэргээс 8 жилийн дараа болсон байна. Тэгээд тухайн үед гал нь цахилгаан хэрэгслээс болж гарсан гэдгийг тогтоочихсон байхад 10 жилийн дараа тагнуулынхан уг нас барсан хүмүүсийн ар гэрийхэн дээр очоод энэ Т.Содномдаржаа н.Чимгээ нарын хүмүүс тухайн үед гэрийг шатаасан гэж хэлсэн байгаа юм.Гэр шатаасан хэрэгт миний хүү ямар ч хамааралгүй.

Тиймээс би одоо тэр Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг байцааж, шалгаачээ гэж хэлмээр байна.

Би өмнө нь хууль хяналтын байгууллага хэргийг ингэж буруу шийдвэрлэж өгнө гэж бодоогүй учир энэ 2 хүний талаар хэлдэггүй байсан. 

Ямар ч байсан би гэм хийгээгүй хүүгээ гаргаж авахын тулд цаашид холбогдох бүх байгууллагад хандах болно" хэмээв.