Өсвөр насандаа өндөр гэж шоолуулан уйлж явсан тэр ирээдүйд өөрийгөө загвар өмсөгч болно ч гэж төсөөлөө ч үгүй гэдэг. Бүрэг ичимхий түүнийг ээж нь нээх гэж загварын дугуйланд хөтлөн оруулснаар Т.Халиунаа моделийн амьдралаа эхлүүлжээ. Эрх зүйч, санхүүч мэргэжилтэй тэрбээр энэ жилийн “Гоёл” наадмын отгон топ моделиор шалгарсан юм. Ингээд түүнтэй ээж, эмэгтэй хүний хувьд ярилцлаа. Ярилцлагын үеэр Т.Халиунаа  O Couture шоунд оролцохоор бэлтгэлээ хийж байсан юм.


-Өглөө хэдэн цагт босдог вэ?

-Нялх хүүхэдтэй болохоор өглөө 7 гээд босчихдог. Уруудахад унтах идэх гэдэг биз дээ. Унтаж залхуураад хэвтэх дургүй.

-Шагнал авах үеийн мэдрэмжээсээ хуваалцвал? 

-Эмэгтэй хүн хүүхэд гаргахаар карьераа дахиад л эхлүүлдэг. Тэгэхээр би гурван удаа моделийн карьераа эхлүүлсэн гэсэн үг. Төрөөд удаагүй болохоор “Гоёл”-д орно ч гэж бодоогүй. Яг үнэнийг хэлэхэд өөртөө тийм ч итгэлтэй байгаагүй. Гоёл наадмын 30 жилийн ой учраас үе үеийн шилдэг топуудтай хамт алхана гэж энэ жил зориж оролцсон юм. Сүүлийн гарааны өмнө л топ модел болох гэж байгаагаа мэдээд бараг ниссэн дээ.(инээв) Баярласандаа болоод сүүлийн гараандаа ч гарч чадаагүй.

-Тайзны ард сонссон байх нь ээ?

-Зохион байгуулагчдын хувьд шагналын эзнийг зарлахаар зарим хүн алга болчихдог, үүнийг бодолцож урьдчилан хэлсэн байх. Топ модел Т.Халиунаа гээд нэр дуудахад уйлчих гээд маш их догдолсон, тухайн үед өөрийгөө нэлээн барьсан. Намайг топ модел болно гэж хамгийн их хүлээж байсан хүн бол миний аав. Аав минь нас бараад жил болж байна. Шагналаа авчихаад охиноо тэнгэрээс харж байгаа гэж хамгийн түрүүнд бодсон. Загварын тайзан дээр маш урт хугацааг өнгөрүүлж, тэвчээр, хөдөлмөр зарцуулсны минь шагнал гэж бодож байна.

-Загварын ертөнцөд хөл тавьсан түүхээсээ хуваалцаач?

-Ээж минь бүрэг ичимхий хүүхэд намайг нээх гэж “Эра” төвийн агварын дамжаанд хөтөлж оруулж байлаа. Өнөөдрийг хүртэл бэлтгэж байгаа багш минь гэвэл том Х.Цолмон гэж загварынхандаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн бий. Бидний үеийн зарим моделиудыг хүмүүс тийм ч сайн мэддэггүй. Тухайн үед сошиал ч гэж байсангүй. Тэр үед би загвар өмсөгчийн мэргэжилтэй гэвэл хүмүүс шоолох байсан биз. Гэтэл одоо Монголын загвар асар их хөгжиж өөрчлөгдөж байна. Мэдээж өөрчлөлт гэдэг сайн зүйл. Загвар өмсөгчийн ажлыг ажил гэж ойлгодог болсон. 

БИ ЗҮЙР ЦЭЦЭГ ҮГЭЭР ХҮМҮҮЖСЭН ЭМЭЭ ӨВӨӨГИЙН ОХИН

-Хуульч мэргэжилтэй гэж сонссон. Мэргэжлээрээ ажиллаж байна уу?

-Би эрх зүйч мэргэжилтэй, МУИС-ийн ЭЗС-ийг санхүүгээр магисрийн зэрэг хамгаалсан. Одоо өмгөөлөгчийн туслах хийдэг. Өмгөөлөгчийнхөө дааж авсан хэргүүдтэй танилцаж, тэр чиглэлийн материал унших гээд ажил ихтэй. Энэ мэргэжил эмч шиг хүний амь амьдралыг хариуцдаг болохоор туршлагажиж дадлагажих цаг хугацаа хэрэгтэй байна.

-Халиунаа ер нь юу хүсч мөрөөддөг охин байв?

-Би Цирк 40 мянгатын орчимд хүүхэд насаа өнгөрүүлсэн. Эмээ өвөө дээрээ өсч зүйр үгээр хүн болсон. Эргээд бодоход тэд маань зөв хүмүүжүүлж төлөвшүүлжээ. Одоо ч манай хүүхдийг өсгөлцөж байгаа сайхан буурлууд бий. Хүүхэд байхдаа ирээдүйд тийм ийм хүн болно гэж боддоггүй энгийн л нэг охин байлаа. Амьдрал өөрөө хөтлөөд намайг өдий зэрэгт аваад ирсэн.

-Загварын ертөнц хатуу шалгууртай. Энэ хүртэл өөрт чинь бууж өгмөөр, шантармаар үе байсан уу?

-Хүүхэд гаргахаар эмэгтэй хүн физиологийн онцлогоороо бие галбираа алдаж эхэлдэг. Арьс сулраад эхнэр шинж ороод ирэхээр загварын тайзан дээр алхах залуу охидтой өөрийгөө харьцуулж сэтгэлээр унаж байсан үе бий. Тэр үед яагаад ер нь шантрах ёстой гэж, яагаад эмэгтэй хүн өөрийн гэсэн карьертэй байж болдоггүй юм бэ, итгэлээ яагаад иймхэн зүйлээр хугална гэж өөрийгөө зоригжуулж ирсэн. 

-Загвар чинийхээр юу вэ?

-Дизайнер тухайн хувцсыг өөрийнхөө дотоод хүч, авъяасаараа бүтээж загвар өмсөгч түүнийг бас л мэдрэмжээрээ амилуулж байна. Тэгэхээр энэ бол цэвэр мэдрэмжийн урлаг юм.

-Загвар өмсөгчийн орлогоор амьдрах боломжгүй гэдэг?

-Загвар өмсөөд амьдралаа авч явна гэдэг Монголын нөхцөлд ямар ч боломжгүй. Нэгэнт загвартаа зүрх сэтгэлээ өгчихсөн учраас ажлынхаа хажуугаараа загвар өмсч байна.

-Эмэгтэй хүний дотор жаахан охин байдаг. Чиний тэр дотор хүн чинь юу хүсч мөрөөддөг вэ?

-Яг таны хэлснээр миний дотор нэг жаахан охин бий. Тэр охин ид шидэнд итгэмтгий, дэврүүн. Түүнийгээ мэдрүүлдэг үе нь шинэ жил. Шинэ жил дөхөхөөр надад ид шидийн юм шиг,  ямар нэгэн сайхан зүйл ирэх юм шиг мэдрэмж төрдөг. 

ТОМ ХҮҮГЭЭ ГАРГАХДАА 90 КГ ХҮРЧ ТАРГАЛСАН

-Жингийн асуудалтай учирч үзсэн үү?

-Том хүүгээ гаргахдаа би 90 кг хүртэл таргалсан. Загвар өмсдөг байсан үеэсээ бараг 40 кг нэмсэн гэсэн үг. Тэр үед сэтгэлээр унасан. Эцэстээ хүн өөрөө л мэрийхгүй бол өөрчлөгдөхгүй болохоор хичээсэн.

-Яаж турсан бэ. Жингээ хэрхэн барьдаг вэ?

-Тэр үед фитнесээр эрчимтэй хичээллэж эхэлсэн. Хамгийн гол зүйл эрүүл хооллолт гэдгийг ойлгож өөртөө таарсан жор гаргачихсан гэж боддог. Түүнийгээ л дагадаг. Хүний бие ч үүнийг хүлээж аваад сурчихдаг юм билээ. Дөрөв таван жил тарган яваагүй төрсний дараах жин учраас эргээд хаях нь амархан байсан. 

-Тэр дэглэмээ манай уншигчдад хуваалцаач?

-Өглөө сэрээд заавал хоёр аяга уудаг уламжлалтай. Хэсэг хугацааны дараа нимбэг, зөгийн балтай ус дараа нь кофе ууж хөнгөн зууш идчихдэг. Хооллохдоо хэт их цадталаа иддэггүй. Нэг дор их идэх хүний биед сайнгүй. Бага багаар идээд сурчихвал хүний бие махбодь ч үүнд нь дасан зохицчихдог. Орой зургаагаас хойш хөнгөхөн зүйл иднэ. Жингээ барьж байна гээд өөрийгээ хэт сульдааж ядраахаас илүү хэт өлсч, хэт цадахгүй байр гээд өөрийгөө мэдэрдэг л байх хэрэгтэй.

 -Дахиад бүл нэмэх төлөвлөгөө бий юу?

-Үүнийг ёстой бурхан л шийдэх байх. /инээв/

-Хэр шуналтай вэ?

-Алт эрдэнэс,ээмэг зүүлт, хувцас хунараас илүүтэй бусдаас зарим зүйлийг түрүүлж мэдэх шуналтай. Эд зүйлс хуучраад л дуусна. Харин миний толгойд үлдсэн зүйлийг хэн ч авч чадахгүй.Тийм болохоор би мэдээллийг чухалчилдаг. Шинээр ямар нээлт, бүтээгдэхүүн, аппликейшн гарсныг бусдаас түрүүлж мэдэх дуртай. 

ЗАГВАР ӨМСӨГЧ ГЭХЭЭР ГОО САЙХНЫ САЛОН ХЭСЭХЭЭС ӨӨР АЖИЛГҮЙ ХҮН ГЭЖ ОЙЛГОДОГ

-Загварынхан гэхээр гоё ганган, брэнд хөөсөн хүмүүс л буудаг. Өөрөө аль төрлийн хүн гэж боддог вэ?

-Би тэгтлээ брэнд хөөдөг хүн биш. Гэхдээ брэнд бүтээгдэхүүн харц булаам, гоё дэгжин байдаг нь үнэн. Гол нь надад таарах нь ховор. Ази хувцас өмсөхөөр багадаад, европ хувцас өмсөхөөр томдчихдог.  Завсарын өмсгөлтэй болохоор хувцасныхаа загварыг гаргаад оёулчихдаг. Өөрт таарахгүй брэнд хувцас өмссөнөөс биед суусан эвтэйхэн хувцас амар байдаг.

-Өндөр нуруулаг гэж өсвөр насандаа шоолуулж байсан уу?

-Тийм үе байлгүй яахав. Багадаа өндөр, гозгор гэж шоолуулаад гомдсондоо гэртээ хариад уйлж байсан үе бий. Угийн бүрэг хүүхэд байсан болохоор давуу талаа мэддэггүй байж. Сүүлд загвар өмсөөд л “За тийм байлгүй дээ” гэж бодсон. (инээв) Ээж минь намайг яг хэрэгтэй газар минь хүргэж өгсөнд баярладаг.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Надад бараг зав гардаггүй. Жаахан ч гэсэн цаг зав гарвал өөртөө л зарцуулдаг. Нэг хэсэг иогад бясалгалд явсан. Би өөрөө стрессгүй амьдрахыг хичээдэг хүн. Сошиал, зурагт, сонин дандаа хар мэдээтэй.  Аль болох тэр зүйлийг тайван хүлээж өөдрөг байхыг хичээдэг.

-Гоо сайхандаа хэр анхаардаг вэ?

-Би хэт үнэтэй зүйл хэрэглэдэггүй. Монгол хүний арьсанд европ бүтээгдэхүүн таардаг юм шиг санагддаг. Зав гарвал 7-14 хоногт нэг удаа гоо сайханд орно. Өдөр тутамдаа бол будагтайгаа унтахгүй байхыг хичээдэг. Загвар өмсөгч гэхээр нэг л их завтай, гоо сайхны салон хэсэхээс өөр ажилгүй гэж боддог юм санагддаг. Үнэндээ өөр шүү дээ. Хувь хүний цагийн менежментээс л болно.

"БҮСГҮЙН КОД" НОМ НАМАЙГ ЭРЧ ХҮЧ, УРМААР ТЭТГЭСЭН

-Загвар өмсч байгаа охидод юу гэж хэлмээр санагддаг вэ?

-Загварынхан гэлтгүй өөрөөсөө дүү хүмүүст өөрөө өөртөө үнэнч байж л хүн бусдад шударга хандана гэж захина. Өөрийгөө хуураад байгаа тэр амьдралыг ойлгодоггүй. Насан туршдаа өөрийгөө танин мэдэхийн тулд эхлээд өөр өөртөө үнэнч байх л хамгийн чухал. 

-Амьдралыг чинь өөрчилсөн үйл явдал?

-Миний хүүхдүүд амьдралыг харах өнцөг, үзэл бодлыг орвонгоор нь өөрчилсөн. Тэд минь энэ амьдралдаа бүтээсэн хамгийн төгс бүтээл.

-Нөхөртэйгээ хэрхэн танилцсан юм бэ?

-Хүн амьдралдаа нэг удаа хүн өвддөг болов уу. Тэр үед минь манай хүн хоол зөөгөөд, тусалж халамжлаад нэг мэдэхэд тусдаа гарцгаасан. Анхнаасаа эхнэр нөхрийн нүдээр хараагүй гэх үү дээ. 

-Сүүлд ямар ном уншив?

-Хүүхдээ гаргаад гэрээс гарахгүй нэг хэсэг нам гүм суухдаа ”Бүсгүйн код” номыг уншсан. Үнэхээр их таалагдсан, эмэгтэйд их хүч өгсөн бүтээл юм билээ. Сэтгэл хөдлөөд орчуулагчид нь талархлаа илэрхийлсэн шүү.

АМЬДРААГҮЙ ЮМ ШИГ ҮХЭХ Л ХАМГИЙН МУУХАЙ...

-Сошиалд хэр идэвхтэй вэ?

-Тийм ч идэвхтэй биш ч фэйсбүүкэд 5000 найзтай. Анзаарч байхад хэрэгтэй мэдээлэл оруулахаар сонирхохгүй хэрнээ дэмий юм оруулахаар хэл амаа билүүдчихдэг тал бий. Түүнд нь би хариу өгдөггүй, сэтгэгдлээс нь хэн гэдэг нь харагдаж л байгаагаас хойш юу хэлэхэв. 

-Амжилтанд хүрсэн ч хэзээ ч гээж болохгүй зүйлийг юу гэж боддог вэ?

-Өөрийгөө л гээж болохгүй. Би аливаа зүйлийг ажиглах дуртай. Хүн бага зэрэг нэр төрд  хүрчихээрээ би гээд л амбицлаад эхэлж байгааг анзаардаг. Амбиц бол хүнд байх ёстой зүйл, хэтэрчихвэл хэцүү. Ажлынхаа шугмаар би иймэрхүү хүмүүстэй зөндөө уулздаг. Үнэнийг хэлэхэд би тийм хүмүүстэй тулахаараа юу хийх ёстойгоо мэдэхээ больчихдог. Эмээгийн хэлснээр хүн даруу төлөв явсны буруу зүйл гэж байхгүй гэдэгтэй санал нийлнэ. 

-Амьдралдаа юу хийчихсэн байхыг хүсдэг вэ?

-Амьдраагүй юм шиг үхэх л хамгийн муухай гэдэг үг байдаг даа. Энэ үгэнд би дуртай. Тиймээс хэтэрхий нэг хэмнэлээр амьдарч болохгүйг мэднэ. Хүн эргэж бодоод ийм зүйлээ хийчихлээ гээд бодохоор жамаар буцах болсон ч  сэтгэл дүүрэн явна шүү дээ. Сайн яваа эмэгтэй хүнийг муухан эр хүнээс дээр гэж муухайгаар хэлдэг нь таалагддаггүй. Эмэгтэй хүн хүссэнээ хийгээд хөдөлмөрлөж чадвал амжилтанд хүрч чадна гэдэгт итгэдэг.