Өнөөдөр дэлхий нийтээрээ цусны даралт ихсэх өвчинтэй тэмцэх өдөр. Энэ жил уг өдрийг “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Цусны даралтаа хянаж сурцгаая” уриатай тэмдэглэж байна. Энэхүү өдөрт зориулж Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан” хамтран Сүхбаатарын талбайд “130/80” өдөрлөгийн зохион байгуулж байгаа юм. Өдөрлөгийн үеэр иргэдэд зүрх судасны үзлэгийг үнэгүй хийсэн юм. 

Үзүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь 40-өөс дээш насныхан байв. Мөн тус өдөрлөгт Эрүүл мэндийн төвүүд болон, “Интермэд”, “Улаанбаатар Сонгдо”, “Гранд мед”, “Мөнгөн гүүр” зэрэг хувийн хэвшлийн томоохон эмнэлгүүд оролцсон юм.  Арга хэмжээний үеэр дэлхийн төдийгүй Монголын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчлөл, тэр дундаа цусны даралт ихсэлттэй шууд холбоотой талаар мэдээлэл өгч хэрхэн сэргийлэх, ямар хоол хүнс хэрэглэх талаар зөвлөгөө өгч байлаа. Энэ үеэр "Эрүүл Зүрх - Эрүүл Улаанбаатар" төслийн удирдагч Т.Хулантай ярилцлаа.


-Манай улсад цусны даралт ихсэх өвчлөлөөрөө дээгүүрт ордог гэсэн. Үүнд юу нөлөөлж байна?

-Цусны даралт ихсэлт нь манай улсын хүн амын зүрх судасны эмгэг, тэр дундаа тархины цус харвалтын гол шалтгаан болж байна. Энэ өвчин сүүлийн 20 гаруй жилийн судалгаанаас үзэхэд насбаралтын тэргүүлэх 5 шалтгааны нэг гэдэг нь батлагдсан. 100 мянган хүн амд ногдох тархины цус харвалтын тохиолдол нь дэлхийн дунджаас даруй 4 дахин их тоо юм. Нас баралтын 30 орчим хувийг зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны өвчин эзэлж байгааг судалгаагаар тогтоосон. Шалтгаан нь бидний амьдралын буруу дадал хэвшил, муу зуршил. Үүнээс болж амь насаа алдаж байна. Уг нь зүрх судасны эмгэг, тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

-Гол шалтгаан нь юу байна вэ, үүнээс сэргийлэх боломж бий юу?

-Голлох шалтгаан нь цусны даралт ихсэлт. Гэтэл үүнийг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлсийг бүрэн сэргийлэх боломжтой. Тэгэхээр эхлээд цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлмээр байна. Бас нэгэнт даралт ихэсдэг болсон бол үүсэх хүндрэлээс нь урьдчилан сэргийлэх чухал. Энэ нь цус харвалт болон зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Манай иргэдийн хоногийн давсны хэрэглээ 11 грамм байна. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоногтоо 5 грамм давс хэрэглэ гэж зөвлөдөг. Бид хоёр дахин илүү хэрэглээд байгаа гээд олон шалтгаан бий.

-Цусны даралт хэдээс дээш бол ихэссэн гэж үздэг вэ?

-Өнөөдрийн өдөрлөгийн нэр 130/80. Өмнө нь 120/80 гэж сонссон хүмүүс гайхаж байж магадгүй юм. Энэ бол цусны даралт 130/80-аас дээшээ байвал даралт ихсэлттэй болсон гэсэн үг. Харин 120-129 хүртэл байвал даралт ихэссэн гэж үздэг. Даралт ихсэлттэй ангилалд орсон хүмүүсийн хувьд амьдралын буруу дадлаа өөрчлөхөөс гадна яах аргагүй эмийн эмчилгээ шаардана.

-Цусны даралт ихэсдэггүй хүмүүс үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Ерөөсөө зөв хооллож идэвхтэй амьдрахыг зөвлөнө. Өөх тос тэр дундаа транс гэгддэг тосноос татгалзаж, давсны хэрэглээгээ бууруулаарай. Ингэж чадвал энэ өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Бас 18-аас дээш насны хүн болгон жил бүр даралт ихсэхээс сэргийлж урьдчилсан үзлэгт хамрагдах нь чухал. Эрт арга хэмжээ авах тусам эмчлэгдэнэ. Хамгийн аюултай нь цусны даралт ихсэлттэй иргэдийн дийлэнх нь буюу 70 хувь нь даралт ихсэлттэй байгаагаа огт мэддэггүй нь судалгааны дүнгээс харагдсан. Иймээс л заавал эмчийн үзлэгт хамрагдахыг захиж байна. Ганц эрүүл мэндийн байгууллага үүнийг дийлэхгүй. Тийм учраас гэрээрээ хянаж сурах чухал.

-Цусны даралттай хүмүүс эмээ ууж байгаад тасалдуулдаг тал бий. Энэ нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Манай улсын хүн амын гуравны нэг хувь нь даралт ихсэх өвчтэй дөнгөж 20,7 хувь нь л эмчийн хяналтад байдаг. Тэдний ердөө 7.4 хувь нь эмчилгээ үр дүнтэй буюу даралтаа хэвийн хэмжээнд барьж чаддаг гэсэн судалгааны дүн бий. Манайхны дутагдал нь цусны даралттай хэрнээ эмээ тасалдуулдаг. Бас даралт нь тогтворжингуут эмээ уухаа больчихдог нь хайхрамжгүй хандлага нь эмчилгээ үр дүнгүй болгодог учраас үүнийг дадал болгож тогтмолжуулах чухал. Бас эмийн эмчилгээгээ эмийн бус эмчилгээтэй хослуулж илүү үр дүнд хүрнэ. Өнөөдөр гэхэд эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүмүүсийн 30 хувь нь даралттай холбоотой гэсэн баримт бий. Даралт ихтэй хүмүүсийн дийлэнх нь буюу 93 хувь нь өндөр эрсдэлтэй нь яваа нь бид барыг айлгаж байна.


-Даралт ихсэх өвчний хор хөнөөлийг дурьдвал?

-Даралт ихсэх өвчин өөрөө халдвар бус өвчлөл, зүрх судасны өвчний өвчлөлийн эрсдэлт хүчин зүйл. Иймээс чихрийн шижин өвчний явцыг хүндрүүлдэг. Цаашлаад тархинд цус харвах, зүрхний шигдээс тусах, хараагүй болох, бөөрний дутагдал үүсгэх, нүдэнд цус харвах, хараагүй болох ч эрсдэлтэй. Энэ мэтээр амь насанд халтай хүндрэлүүдийг үүсгэдэг учраас үүнийг бүх нийтээрээ анхаарч ойлгох нь чухал байна.

-Цусны даралт  ихсэх өвчин залуужиж байна гэдэг. Энэ үнэн үү?

-Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт харвалтын төв бий. Энд цус харваж эмчлүүлж байгаа хүмүүсийн дунд залуу хүмүүс цөөнгүй хувийг эзэлж байна. Надад өгсөн мэдээллээр бол 25-30 насны залуус харвалт өгсөн харамсалтай мэдээ бий.  Харамсалтай нь тэд бүрэн эдгэхгүй,  харвалтаас шалтгаалсан нас баралт, тахир дутуужилтыг бууруулах эмчилгээ л хийлгэнэ. Харин арваад жилийн өмнө бол энэ өвчлөл 40-өөс дээш насныханд тохиолддог байлаа.  Сүүлд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс явуулсан хоол тэжээлийн 5 дугаар үндэсний судалгааны дүнг харлаа. Гэтэл хүүхдүүдийн 10-аад хувь нь илүүдэл жинтэй гарчээ. Ирээдүйд мөн л үүнийг дагалдаад чихрийн шижин өвчтэй,  зүрх судасны өвчин, артерийн даралт ихсэх өвчин төдий чинээгээр залуужна л гэсэн үг. Намайг оюутан байхад чихрийн шижин өвчин 40-өөс дээш насныханд тохиолддог байлаа. Гэтэл одоо 30-аас дээш болж залуужижээ. Тэгэхээр л артерийн даралт ихсэх гэдэг аймшигтай үр дүнд хүргэх нөхцөл байдлыг анхаарахаас өөр аргагүй.

-“Новартис сан” манай улсад томоохон төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?

-Энэ бол Швейцарийн сайн санааны томоохон байгууллага. Энэ байгууллага нийгэм эдийн засгийн хувьд тогтвортой бус, хөгжиж яваа улсад зүрх судасны өвчлөлийг бууруулахад туслах олон ажил хийдэг. Тиймээс 200 гаруй орноос сонгон 3 газар “Эрүүл зүрх-Эрүүл хотууд” үйл ажиллагаагаа зэрэг эхлүүлсэн. Азиас ганцхан манай улс энэ төсөл хөтөлбөрт нь багтаж байгаа. Сонирхуулаад хэлэхэд Африк тивээс Синегал улсын нийслэл Дакар хот, Латин Америк тивийн Бразил улсын Сан Паула хот хамт шалгарсан. Манай улсын хувьд энэ төслийг амжилттай явуулж байгаа учраас бид нарын үйл ажиллагаан дээр загвар гаргаж бусад улсуудад түгээхээр болсон. Энэ төслөөрөө бид юуны түрүүн иргэдэдээ тусалж байна.Бид 250 гаруй эмч, сувилагчийг гурван удаагийн сургалтанд хамруулсан. Эмч, сувилагчид өвчлөлийг эрт оношилж хяналт тавьж ажиллана. Ингэснээр зүрхний эмгэгийг бүрэн хянах боломжтой. Гэхдээ бид зөвхөн эрхийн эмнэлэгтэй тулж ажиллаагүй чанартай аппарат хэрэгслээр хангаж ажиллалаа. Бас бид цаашид үүнийг хүүхдэд багаас нь ойлгуулахын тулд ЕБС-ийн хөтөлбөр суулгахаар ажлын хэсэг гаргаж ажиллаж байна. Хэрэв хүүхэд багаасаа эрүүл мэндийн мэдлэг боловсролтой болчихвол ирээдүйд эрүүл монгол хүн болж өснө.

Үүнээс гадна эрүүл ажлын байр хөтөлбөрийн боловсруулсан. Энэ хөтөлбөрт маань УДЭТ, ТЭЦ-4 станцын хамт олон нэгдсэн.