Их Британийн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаархи өнгөрсөн лхагва гарагт явуулсан санал хураалтын үеэр Тереза Мэй эрх баригч Консерватив намын депутатуудын дэмжлэгийг авч, албан тушаалдаа хэвээр үлдэж байна. Консерватив намын "1922" хорооны тэргүүн Грэм Брэйди энэ тухай мэдээлжээ.

“Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаархи санал хураалтад Т.Мэйд 200 хүн саналаа өгсөн бол 117 хүн түүнд итгэл үзүүлээгүй байна. Консерватив намын дүрэм журамд заасны дагуу итгэл үзүүлэх эсэх асуудлаархи санал хураалтыг наад зах нь нэг жилийн хугацаанд дахин явуулахгүй” гэж тэрбээр хэлсэн байна.

Суудлаа авч үлдэхийн тулд Тереза Мэй олонхийн буюу хамгийн багадаа 158 санал авах ёстой байсан юм.

Ажиглагчдын үзэж байгаагаар, депутатуудаас дэмжлэг авч байгаагийн хариуд Т.Мэй 2022 оны бүх нийтийн сонгуульд Консерватив намын удирдагчийн суудалд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ депутатуудад амлажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС