“Сирид цохилт өгөх ажиллагаанд оролцох шийдвэр гаргасан нь хууль зүй болон ёс зүйн хувьд зөв шийдвэр бөгөөд Сирийн энгийн ард иргэд цаашид зовж шаналахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн юм” гэж Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй парламентад хандан үг хэлэхдээ мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ “Сирид цохилт өгөх шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп биднээс хүссэн учраас бид ийм шийдвэр гаргаагүй. Ингэх нь зөв гэж үзсэн учраас бид ийм шийдвэр гаргасан. Бидний үйлдэл ямар үр дүнд хүргэх нь олон хүний анхаарлыг татсан. Гэсэн хэдий ч бид юу ч хийхгүй зүгээр сууснаар Сирийн эрх баригчдаар зогсохгүй бусад улс ч шийтгэл хүртэхгүйгээр химийн зэвсэг ашиглаад байж болох юм байна гэсэн дохиог илгээх байсан. Ийм зүйл болохыг бид хүлээн зөвшөөрөхгүй. 

Бүрэн эрх хариуцлагынхаа хүрээнд парламент ийм шийдвэр гаргасан тухайгаа тайлагнахыг надаас шаардах бөгөөд парламент үүнийгээ хийх болно гэдгийг би тодорхой хэлье. Гэсэн хэдий ч ерөнхий сайдын хувьд энэ шийдвэрийг гаргах нь миний бүрэн эрх бөгөөд би ийм шийдвэрүүдийг гаргах болно. Зэвсэгт хүчнээ байлдааны ажиллагаанд оролцуулахаас илүү хүнд шийдвэр ерөнхий сайдын хувьд байхгүй. Энэ бол маш том үүрэг хариуцлага. Гэсэн хэдий ч ийм шийдвэр зайлшгүй гаргах шаардлагатай үе гэж бий. Зэвсэгт хүчнээ бид хэзээ ч байж боломгүй зүйлд оролцуулахгүй” гэжээ.  

Харин тус улсын сөрөг хүчний Лейборист намын тэргүүн Жереми Корбины үзэж байгаагаар, пуужингийн цохилт өгөх нь хууль зүйн үүднээс зөв эсэх нь эргэлзээтэй бөгөөд тэрбээр энэ асуудлыг шийдвэрлэхэд парламентыг оролцуулаагүй хэмээн Т.Мэйг буруутгаж байгаа аж. Түүний хүсэлтээр Сирид цохилт өгөх болон ийм шийдвэр гаргахад парламентын гүйцэтгэх үүргийн талаархи гурван цагийн нэмэлт хэлэлцүүлгийг өнөөдөр парламентад хийх аж.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг