АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр цахимаар цацагдаад буй АТГ-ын дарга Х.Энхжаргалын 19 настай охин "Шарын гол" төрийн өмчит компанийн ТУЗ-ын даргаар ажилладаг гэсэн мэдээллийн талаар лавлахад:

АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг "АТГ-ын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй бөгөөд мөн ямар нэгэн төрийн өмчит компанид ТУЗ-ын даргаар ажилладаг хүүхэд байхгүй. 

Энэ бол АТГ-ын даргын нэр хүндэд санаатайгаар халдах гэсэн худал мэдээлэл. АТГ-ын даргын эсрэг санаатайгаар цуврал худал мэдээлэл бэлтгэн цацаж буй талаар бидэнд мэдээлэл ирсэн.

Хуульч, өмгөөлөгч н.Пүрэвбаатар анх энэ мэдээллийг олон нийтийн цахим хуудсанд нийтлэсэн. Тэрээр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн. Түүнийг хэний өмгөөлөгч вэ гэдгийг хүн бүр мэднэ. Тус зөвлөлийн дарга болон гишүүд АТГ-ын даргын нэр хүндийг унагах зориолгоор удаа дараалан иргэдэд худал мэдээлэл хүргэж буйд харамсаж байна. Худал мэдээлэл тарааж буй хүмүүсийг цагдаагийн байгууллагаар шалгуулах болно" хэмээн хариулав.