Жендэрийн эрх тэгш байдлын талаар Тогтохын Очирбалтай ярилцлаа. Жендэрийн мэдрэмжтэй залуусын төлөөлөл тэрбээр бизнесийн удирдлагын мэргэжилтэй хувиараа бизнес эрхлэгч юм. 

 

-Жендэрийн эрх тэгш харилцааны талаарх таны бодлыг сонсоё?

-Жендэр нь өөрөө маш өргөн хүрээний асуудлыг багтаадаг гэж ойлгодог. Нийгэмд жендэр гэхээр л зөвхөн байгалиас заяасан хүйсийн асуудал гэж андуурч ойлгох нь элбэг юм уу гэж хардаг. Нөгөө талаар зөвхөн эмэгтэй хүний эрхийг хамгаалах юм шиг, ажил үүргийн хуваарийг ялгах юм шиг байдлаар дийлэнх хүмүүс ойлгож ирсэн нь нууц биш. 

Том утгаараа эрэгтэй, эмэгтэй хүмүүс улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаанд оролцоход ижил тэнцүү эрх, үүргийг хүлээж байх нь жендэрийн гол зарчим юм л даа. 

Тэгэхээр жендэр нь эрчүүд бидэнд ч ялгаагүй хамаарагдах асуудал шүү дээ. 

-Тэгвэл жендэрийн асуудалд эрчүүдийг тойрсон ямар асуудлууд байна гэж та үзэж байна?

-Манай Монголчууд эрэгтэй хүүхдээ өсгөхдөө багаас нь жендэрийн хэвшмэл ойлголтоор буюу хэт дотогшоо болгон хүмүүжүүлчихдэг юм болов уу гэж боддог. 

Тухайлбал: хүүхдийн хувьд асуудал болсон зүйлүүдээ ярихаар эрэгтэй хүүхэд байж битгий хов яриад бай, эрэгтэй хүүхэд байж битгий уйлаад бай, эрэгтэй хүүхэд байж ямар шуналтай юм гэх зэргээр багаас нь эрэгтэй хүүхэд болж төрснөөр нь ялгаварлаад эхэлдэг нь өөрөө жендэрийн тэгш эрхийг зөрчөөд байгаа юм.

Энэ нь хүүхэд том болоход хүмүүжил, зуршил болоод тогтсон байдаг. Тэгээд өөрт тулгамдаад байгаа асуудлаа хэн нэгэнд ярьж хэлэх гэхээр санаа зовдог, эргэлзэж, тээнгэлзэх, эвгүй мэтээр ойлгодог учраас өөртөө хадгалаад байдаг. За тэгээд насанд хүрсэн эрчүүд хааяадаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зоригтой, чөлөөтэй болж дотроо онгойлгодог шиг байгаа юм. Энэ илэрхийлэлт нь тухайн хүмүүст буруу ойлголт төрүүлж улмаар буруу үйлдлийн суурь болоод зогсохгүй ёстой даарин дээр давс болчихдог нь элбэг харагддаг. Ингээд л нөгөө жендэрт суурилсан хүчирхийлэл үүсдэг шиг байгаа юм.

Бас нэгэн судалгааг харж байхад Монгол эрчүүдийн дундаж наслалт бага байгаа талаар бичихдээ сэтгэл санааны асуудал гэж дурдсан байдаг. 

-Эрчүүдийн жендэрийн талаар авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар та хэр мэдлэгтэй байдаг вэ?

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд батлагдсан юм байна лээ. Хуулийн гол санаа, агуулга бол нийгэм, гэр бүлийн харилцаанд аль нэг хүйсийн хэт давамгайллыг үүсгэхгүй байх, ялгаварлахгүй байх гэдэг л асуудал байгаа. Тухайн хуулийн 5.2-т Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого нь эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагын баталгааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, жендэрийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, түүнийг арилгахад чиглэнэ гэж заасан байдаг. 

Гэтэл өндөр настны тэтгэвэр тогтоолгохоос эхлээд л Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль зөрчигдөөд эхэлдэг. Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66-67, тэтгэвэр тогтоолгох нас 65 байгаа нь эмэгтэй хүнийхээс 5 жилээр их, гэтэл дундаж наслалт нь 6-9 жилээр бага байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

Нөгөө талаар эрчүүд гэр бүлээ тэжээхэд голлох үүрэгтэй учир арай цалин өндөртэй, биеийн хүчний ажлыг түлхүү хийдэг учраас нийгмийн даатгал шимтгэл ч гэсэн арай өндөр төлж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дүн, буцааж тэтгэвэр авч байгаа мөнгөн дүн хоёр нь эмэгтэй хүнийхтэй харьцуулахад урвуу хамааралтай болчихдог. Үүнийг хэлээд байгаагийн гол нь эмэгтэйчүүдтэйгээ барьцаж байгаад биш. 

Жендэрийн тэгш байдал ийм л зөрүүтэйг илтгэж буй хэрэг. Жендэрийн үндэсний хорооноос өрнүүлж буй "Хүндлэлд хүйс хамааралгүй" аяны гол зорилго ч энэхүү жендэрийн тэгш байдлыг хангахад зориулагдсан үр дүнтэй аян гэж миний бие хүлээн авч дэмжин оролцож байгаа юм. 

 

-Эрчүүддээ юу гэж уриалмаар байна? 

-Ер нь Монгол эрчүүдийн жендэрийн асуудал ямар түвшинд байгааг л жишээгээр тайлбарлахыг хичээлээ. Мөн эрчүүдийн эрх ашгийг хамгаалах байгууллага, газар гэж тун ховор. Гэр бүлийн жендэрт суурилсан хүчирхийлэлд зөвхөн эмэгтэй хүмүүс байнга өртөөд байдаг гэж ойлгож болохгүй байх. Ил гардаггүй л болохоос эрчүүд ч гэр бүлийн сэтгэлзүйн хүчирхийлэлд илүү өртдөг нь нууц биш шүү дээ.

Тиймийн учир эрчүүдийн жендэрийн эрх тэгш байдалд илүүтэй анхаарч, асуудалд нь нухацтай хандах цаг яалт ч үгүй болсон. Мөн эрчүүд ч гэсэн жендэр гэхээр буруу харж суух биш оролцож, дэмжиж, хамтран асуудлаа шийдээсэй гэж хүсэж байна. Бидний эцсийн зорилго эрүүл, амар тайван эв найртай, урт удаан амьдрах шүү дээ. 

 


ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА

 

Ярилцсан: П.САНААДАГВА