Аюулгүй байдлыг хангах зорилгоор 2020 онд Японы Токио хотод болох олимпийн болон паралимпийн тоглолтуудын үеэр хүмүүсийг нүүр царайгаар нь таних технологийг ашиглах гэж байна. Энэ тухай Токио-2020 зохион байгуулах хорооны мэдээллээс иш татан манай сурвалжлагч уламжиллаа.
 
Ийм системийг олимпийн тоглолтын үеэр анх удаа хэрэглэнэ гэж уг технологийг зохион бүтээсэн Японы харилцаа холбооны "NECCorp" компани мэдээлжээ.
 
Шинэ технологийг ашигласнаар хулгайд алдагдсан болон гээсэн бичиг баримт, үнэмлэхийг ашиглах, хуурамчаар хийх зэрэг үйлдлийг таслан зогсоож, ингэснээр Токио-2020 олимпийн наадмын үеэр аюулгүй байдлын түвшнийг эрс дээшлүүлж чадах юм.  Нүүр царай таних үйл явц автоматаар хэдхэн хоромд явагдах учраас уг технологийг олон улсын томоохон тэмцээн уралдааны үеэр ашиглах боломжтой.  
 
Токио-2020-ийн Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Цүёши Ивашита хэлэхдээ “Олимпийн тоглолтын аюулгүй байдлын баталгаа бол зөвшөөрөлгүй хүмүүс болон хориглосон эд зүйлсийг нэвтрүүлэхгүй байх явдал юм” гэлээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг