“Мацаг – Байгалийн эмчилгээ” номын зохиогч, иогийн багш Т.Алтангэрэл манай сайттай хамтран "Эрүүл Монгол хүн" буланг хөтөлж байна. 


Жирэмсний эхний болон сүүлийн 3 сард иога хийдэггүй. Гэхдээ хөдөлгөөнийг өөрийн биедээ дадал болгож өгсөн, иогаар тууштай хичээллэдэг хүний хувьд энэ заалт хамааралгүй юм.

Төрөх үед хамгийн чухал зүйл амьсгал гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Манай эмч нар ачаалал ихтэй байдгаас тэр бүр тайлбарлаж хэлэлгүйгээр дүл, дүл, амьсгал, гүнзгий амьсгал гэдэг талтай. Учраа мэдэхгүй хүмүүс, анх төрж байгаа хүмүүс эмчийн шахалт, өвдөлтийн зовиураас айн хэт их дүлснээс урагдалт илүү үүсэх нь олон.

Ихэнх улсад өвдөлт хэмждэг аппарат бий. Аппаратны зүү хэр өвдөж байгааг халууны шил шиг заадаг. Хэдий иогийн мэдлэгтэй ч алагхан үрээ хорвоотой учруулах тэр агшины өвдөлтөөс болоод амьсгалаа хэсэг хором таг марах нь бий. 

Би өвдөлтийн зүүний 90,100 хүрэх заалтыг хараад бушуухан өвдөлт намдаж зүү доошлохыг л хүлээдэг байлаа. Гэнэт амьсгалаа санаад, аль болох жигд, тайван, гүнзгий амьсгалахыг хичээсэн. Гүнзгий амьсгалаад эхлэхээр өвдөлт хэмжих зүү 60-аас дээш явахгүй байсан. Өвдөлт багасч байна гэсэн үг. Үүндээ урамшаад, улам гүнзгий тайван амьсгалах тусам зүү 50-60 хооронд хэлбэлзсэн.

Амьсгалаа ажиглаад тайван, жигд аль болох гүнзгий авбал төрөлтийн өвдөлтийг тал хувиар багасгах боломжтой. Бүүр нарийн ярьбал орж байгаа амьсгал, гарч байгаа амьсгал хоероо ажигла. Энэ амьсгал болгоноор өвдөлтөө гадагшлуулж байнаа гэж итгэлтэй бодоорой.

Гүнзгий амьсгалахдаа цээжээ хөдөлгөхгүй байхыг хичээгээрэй, хэвлийгээрээ амьсгална гэсэн үг.

Яаж гэж үү? Хэвлийгээр амьсгална гээд нүдээрээ хараад, биедээ таниулаад өгсөн байхад бие өөрөө гүйцэтгэдэг. Харин бид өөртөө итгэлгүй, яаж гэсэн асуултыг гадагш нь тавиад хариултыг гаднаас хайгаад байхаар бие гүйцэтгэдэггүй.

Төрсний дараа хамгийн хурдан тэнхрэх арга бол усанд орох юм 


Гам алдахгүй гэдэг нь усанд орохгүй байхыг хэлэх биш, усанд орсоны дараа даарахгүй, чих зулай хөлөөрөө дулаалахыг хэлдэг гэж бат ойлгодог.

Мөн төрсний дараахь зовиурын нэг нь хөх хагарах байдаг. Хүүхдийн шүлс их хүчиллэг учраас хөхийг хагаруулдаг байна. Үүнээс сэргийлж хөхүүлэхийн өмнө болон хөхсөний дараа хөхөө угааж хэвшээрэй. Хэрхэн гэдгийг өөрөөсөө асуун, өөрөө зохицуулж сураарай.