Toyota компани өөрийгөө жолоодогч автомашинтай болох санаачилгаа өргөжүүлэхийн тулд Toyota Research Institute-Advanced Development (TRI-AD) нэртэй охин компани байгуулахаар болжээ. Японы автомашин үйлдвэрлэгч эл компаниа Aisin Seiki and Denso хэмээх автомашины хэрэгсэл нийлүүлэгчтэй хамтран эхлүүлэх аж. Тэд хамтдаа эхний ээлжинд 2.8 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, софтвэр хөгжүүлэх 1,000 ажилтан авахаар төлөвлөсөн байна. 

Toyota компани өөрийгөө жолоодогч технологит анх удаа хөл тавьж буй юм биш. TRI-AD нь Хойд Америкт 2015 онд 1 тэрбум долларын хөрөнгөөр босгосон Toyota Research Institute (TRI)-ийн салбар болно. Toyota компани TRI-г өөрийгөө жолоодогч, робот машин хөгжүүлэхэд чиглэсэн хиймэл оюун ухаан бүтээх зорилгоор ажиллуулж байжээ. TRI энэ хугацаанд хоёр зорилт тавьж ажилласан нь нэгдүгээрт, бүрэн автомат жолоодлоготой, хоёрдугаарт, жолоочийн оролцоотой өөрийгөө жолоодогч автомашин бүтээх юм. 

Технологио тэд Lexus LS 600hL загварын машинд туршиж, энэ жилийн Электроникийн шоугаар танилцуулсан билээ. TRI-AD Токио хотод суурьшин үйл ажиллагаа явуулж, хөгжүүлсэн софтвэрээ TRI-гийн технологитой холбох төлөвлөгөөтэй байна.