АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзаж болох таван газар бий гэсэн. Уулзалт Америк, Солонгосын хойг хоёрын аль нэгд нь болно гэдэг бараг л боломжгүй. Тиймээс төвийг сахих өөр цэг олж уулзалтаа зохион байгуулах хэрэг гарна. Хоёр улсын талаас бол Вашингтон болон Пхеньяны аль алинтай нь сайн харилцаатай орныг сонговол тохиромжтой. Үүнээс улбаалан Монголын нийслэл Улаанбаатарт дээд хэмжээний уулзалт болох юм биш биз гэх таамаглал дэвшүүлж болохоор байна. 

Төрийн өндөр дээд уулзалт зохион байгуулах газар гэхээр хэн хүний толгойд Монгол Улс буудаггүй. Хуурай газраар хүрээлэгдсэн, гурван сая хүн амтай, Чингис хаан, ноолуур болон дэлхийн хамгийн тархмал суурьшдаг орон гэдгээр нь хүмүүс илүүтэй мэдэх байх.

Монголын төрийн түшээд ноён Трампыг өнгөрсөн сард уулзалтын талаар дуулгахад нь боломжийг алдалгүй уулзалтыг зохион байгуулах боломжтой гэдгээ хэлсэн. Тодруулбал, тус улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж өөрийн улсыг хамгийн боломжтой, төвийг сахигч бүс хэмээн тодорхойлов. Харин одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболд Умард Солонгосын элчин сайд болон Америкийн биет төлөөлөгч нартай тус тусад нь уулзаж санаагаа илэрхийлжээ. 

Монголд уулзалтыг зохион байгуулах хэд хэдэн шалтгаан байгаагийн эхнийх нь газарзүйн байршил. ОХУ, БНХАУ, БНСУ бүгд Умардтай хиллэдэг болохоор тэнд уулзахгүй гэхэд гайхах зүйлгүй. Өмнөд Хятадын тэнгис, эсвэл Европ руу гэхээр холдчихно. Одоогийн удирдагчийн аав Ким Чен Ир болон өвөө нь онгоцоор биш харин алдартай хуягласан ногоон галт тэргээрээ зорчих дуртай. Монголын давуу тал бол Хятад, Оросоос үргэлжилсэн галт тэрэгний зам. Хэрэв Ким хуягт галт тэргээрээ аялна гэвэл үүнээс дээр сонголт үгүй. 

Геополитикийн үүднээс авч үзвэл Солонгосын дайны үед олон зуун хүүхэд Монгол руу дүрвэж, тэндээ орогносон. Монгол Улс Умард Солонгосыг хүлээн зөвшөөрсөн хоёр дахь үндэстэн, тэд бол Хүйтэн дайны үеийн холбоотонгууд. Мөн хоёр улс Коммунист дэглэмтэй байх үед Кимийн эцэг, өвөөтэй нь хамт Монголд айлчилсан зэрэг түүхэн холбоотой.

Харин Америк, Монголын тухайд 1988 онд дипломат харилцаа тогтоож, АНУ тэр цагаас тусламж дэмжлэг үзүүлж ирсэн. Жон Ф.Керри Төрийн нарийн бичгийн дарга байх үедээ буюу 2016 онд Монголд айлчилж, “ардчилалын баянбүрд” хэмээн сайшаасан билээ. Монголын зүгээс Америктай худалдаагаа цаашид сайжруулах хүсэлтэй байгаа тул уулзалтыг зохион байгуулах нь нэг талаас анхаарал татах гэсэн оролдлого гэж болно. 

Энэ бүхнийг үл харгалзан уулзалт тэнд болохгүй шалтгаануудаас дурдъя. Пхеньянаас Бээжин рүү галт тэргээр 25 цаг, тэндээс Улаанбаатар хүртэл 30 цаг аялна. Хоёр улсын төмөр замын цариг ялгаатай болохоор галт тэрэгний дугуйг нь солиход дахин хэдэн цаг шаардлагатай. Ижил царигтай Оросоор дамжиж болох ч Хятадаар дамжсанаас ч их хугацаа зарцуулах аж. Аялалдаа бага цаг зарцуулъя гэвэл 40 мянган хүн амтай Чойбалсан хотод уулзаж болно. Уулзалт болоход 1-2 сар дутуу байгаа энэ үед Монголд уулзалт зохион байгуулна гэхэд хэд хэдэн асуудал байна. Гэхдээ л бусад сонголтууд дундаас хялбар нь байж болох.

Why Mongolia hopes to host a Trump-Kim Jong Un meeting