АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын ирэх сарын сүүлчээр эсвэл зургадугаар сарын эхээр хийхээр төлөвлөж буй дээд хэмжээний уулзалт Монголд болох магадлал хамгийн өндөр байна гэж Сөүл болон Москвагийн дипломат эх сурвалжууд Оросын “Известия” сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна гэж  “ТАСС” агентлаг мэдээлэв.

АНУ болон Умард Солонгосын аль алинтай нь адил тэгш найрсаг харилцаатайгаас гадна техникийн шалтгаануудтай холбоотойгоор энэ түүхэн уулзалт Монгол болох магадлал хамгийн өндөр байна гэж “Известия” сонинд бичсэн байна.

Шинжээчид хэлэхдээ “Пхеньяны хуучны агаарын хөлгийн хүчин чадлын улмаас Швед, Швейцарь зэрэг Европын орнууд энэ уулзалтыг зохион байгуулах магадлалтай гэгдэж байсан газруудын жагсаалтаас хасагдсан” гэжээ.

Сөүл дэх Кукмины их сургуулийн шинжээч Андрей Ланков ярихдаа “Трамп-Кимийн уулзалт болох магадлалтай гэгдэж байсан газрууд хэдийн эхнээсээ хасагдсан. Одоо энэ уулзалт болох хамгийн өндөр магадлалтай газар нь Монгол болж үлдээд байна. Америкчууд энэ уулзалтыг Хятад болон Орост зохион байгуулахыг хүсэхгүй нь мэдээж. Ким Жөн Ун хятадуудад найр тавьж байгаа хэдий ч дээд хэмжээний уулзалтыг Хятадад зохион байгуулахыг хэзээ ч хүсэхгүй” гэжээ. Тэрбээр цааш нь ярихдаа “Трамп-Кимийн уулзалтыг зохион байгуулах магадлалтай гэгдэж байсан газруудын тооноос Хойд Европын орнууд хасагдсан нь цэвэр техникийн шалтгаантай холбоотой. Зөвлөлтийн үед хамаарах Пхеньяны нисэх онгоцууд зогсолтгүйгээр Европт хүрэх боломжгүй” гэсэн байна.
 
Мөн ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн Солонгос болон Монгол судлалын тэнхимийн эрхлэгч Александр Ворентсов хэлэхдээ “Ложистик болоод улс төрийн хүчин зүйлийн аль алиных нь  үүднээс авч үзвэл энэ уулзалт Монголд болох магадлал хамгийн өндөр байна. Монгол Улс  Умард Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд “зууч”-ийн үүрэг гүйцэтгэхийг хэзээнээс эрмэлзсээр ирсэн. Тэгээд ч Монгол бол Пхеньян, Вашингтон болон Сөүлийн аль алинтай нь хэвийн харилцаатай цөөн хэдэн улсын нэг” гэсэн байна.

Сөүлийн нэгэн нөлөө бүхий дипломатч мөн хэлэхдээ “Энэ уулзалт Монголд болох магадлал маш өндөр байна. Д.Трамп дотоод асуудалтай холбоотой шалтгаануудын улмаас Пхеньян руу явахгүй. Ким ч Сөүл рүү явахгүй” гэжээ.


Эх сурвалж: https://tass.com/pressreview/1002297 Монцамэ агентлаг