Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ-д анхны албан ёсны айлчлалаа хийгээд байгаа билээ. Тэрээр тус улсад айлчлахдаа АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трамп Францын хойд нутгаас авчирсан царс модыг бэлэглэж, хамтдаа Цагаан ордны ойролцоо суулгасан юм. 

Э.Макрон модыг бэлэглэхээсээ өмнө “Бидний эрх чөлөөнд халдах үед хэдэн мянган залуус энд ирж, эх орны минь төлөө амиа алдсан. Энэ бол бидний харилцааны түүх. Д.Трампт бэлэглэх Францын хойд нутгаас авчирсан мод нь миний хувьд хоёр улсын урт удаан харилцааны бэлэг тэмдэг учир бид модыг түүний цэцэрлэгт хамтдаа суулгах болно” гэсэн байдаг. 

Тэгвэл Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар хоёр Солонгосын харилцааг сайжруулах, эв найрамдлын бэлэг тэмдэг болгон хамтдаа мод суулгана гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Им Чон Сок мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ “Энх тайван, хөгжил цэцэглэлтэд тэмүүлэх хүсэл эрмэлзлийн илэрхийлэл болгон хоёр удирдагч хамтдаа мод суулгана. Гал зогсоох тухай хэлэлцээрт хоёр Солонгосын эрх баригчид гарын үсэг зурах үед буюу 1953 онд нахиалсан нарс модыг хоёр удирдагч суулгах юм. Модны хажууд “Энд энх тайван, хөгжил цэцэглэлтийн үндэс суурь тавигдав” гэсэн бичигтэй дурсамжийн самбар байрлуулна” гэжээ.

Хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт маргааш Умард болон Өмнөд Солонгосын хилд орших Панмүнжом тосгонд болох юм.