ПЁНЬЯН. /TASS/. Ханойн дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсон хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгчтэй гурав дахь удаагаа уулзах бодолтой байгаагаа БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун мэдэгджээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээллээ.

“Хэрэв БНАСАУ болон АНУ бидний түншүүдтэйгээ хуваалцахад бэлэн буй зөв хандлага, зөв тооцооллын арга барил бүхий өндөр дээд түвшинд уулзалт явуулахыг зорьж байгаа бол бид дахин оролдож үзэхийг хүсэж байна” гэж Ким Жөн Ун мэдэгдсэнийг тус агентлаг уламжилсан байна.

АНУ-ын удирдлага Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээнд хандах хандлагаа өөрчлөх “зоримог” шийдвэр гаргах хүртэл, 2019 оны эцэс хүртэл хүлээх бодолтой байгаагаа БНАСАУ-ын удирдагч мэдэгджээ. Ийм шийдвэр гаргаснаар гурав дахь дээд хэмжээний уулзалт хийх боломжтой болно гэж тэрбээр үзэж байна. “Хэдийгээр өнгөрсөн удаагийнх шиг /хоёрдугаар сарын 27-28-нд Ханойд болсон дээд хэмжээний уулзалт/ сайхан боломж олдоход хэцүү боловч  жилийн эцэс хүртэл би тэвчээртэй байж, Америкийн Ерөнхийлөгчийг хүлээх болно” гэж Ким Жөн Ун цохон тэмдэглэжээ.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, үүний сацуу дээд хэмжээний уулзалт хийхийн тулд “харилцаагаа сайжруулахад чиглэсэн үр бүтээлтэй шийдлийг” олох нь зайлшгүй чухал гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр мөн хэдийгээр өнгөрсөн удаад уулзалт амжилтгүй болсон боловч АНУ-ын Ерөнхийлөгчтэй хувийн харилцаа нь сайн хэвээр байгаа гэдгийг онцлон дурджээ.

Ким Жөн Ун дээрх мэдэгдлийг дөрөвдүгээр сарын 12-нд Пёньян хотод болсон 14 дэх удаагийн сонгуулийн Ардын дээд хурлын анхдугаар чуулганд үг хэлэхдээ хийсэн байна.


 


Эх сурвалж: Монцамэ агентлаг