Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Эрчим хүчний салбарын ажиллагсдын өдөр”-ийн баярыг тохиолдуулан тус салбарын хамт олонд мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр мэндчилгээндээ:

Монгол Улсын хөгжлийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж, илч гэрэл түгээх ариун үүргээ нэр төртэй биелүүлж буй эрчим хүчний салбарын хамт олон та бүхэндээ “Эрчим хүчний салбарын ажиллагсдын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын хөгжлийн суурь салбар болох эрчим хүчний салбарын хамт олон одоогоос 100-аад жилийн тэртээ гал голомтоо бадраасан түүхтэй. Олон жилийн нөр их хөдөлмөрийнхөө үр шимээр Монгол Улсынхаа эрчим хүчний салбарыг хөгжүүлж, албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийг цахилгаан, дулаанаар таслахгүй хангахын төлөө өдөр шөнөгүй манаанд зогсож, жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах хариуцлагатай, хүнд ачааг үүрч буй салбарын мэргэшсэн хамт олон билээ.

Өнгөрсөн өвөл цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1082 МВт-д хүрч ажилласан бөгөөд ачаалал цаашид улам өсөн нэмэгдэхээр байна. Өнгөрсөн хавар Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн дулааны станцыг өргөтгөлийг ашиглалтад хүлээн авлаа. 

Энэ жилдээ III цахилгаан станцын өргөтгөлийг эхлүүлэх, IV цахилгаан станцын шинэчлэлийн эхний ээлжийг хийж дуусгах үүрэг бидний өмнө тавигдаж байна. Баруун бүсийн эрчим хүчний системийг 40МВт чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр шийдвэрлэх  ажлыг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банктай хамтран эхлүүлэх бөгөөд зүүн бүсийн эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг Дорнодын дулааны станцыг 50МВт-аар өргөтгөх замаар шийдвэрлэхээр ажиллаж байна. 

Мөн өмнөд бүсэд Оюутолгой, Тавантолгой дахь аж ахуйн нэгжүүд хүлээсэн үүргээ биелүүлж, цахилгаан станц бариулах ажлаа цаг алдалгүй эхлэх шаардлагатай байна. Үүний үр дүнд эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн дотооддоо үйлдвэрлэн хангаж, импортоор авдаг эрчим хүчийг багасгах боломж нэмэгдэх юм.

Олон жил яригдсан нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах ажлыг хэрэгжүүлэхэд манай салбарын хамт олны оролцоо нэн чухал бөгөөд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бидний хийж байгаа ажил урагштай сайн явагдаж байгааг цохон тэмдэглэж байна.

Мөн түүхий нүүрсийг ирэх оны хавраас эхлэн нийслэл рүү оруулахгүй байхаар шийдвэрлэж, сайжруулсан түлш үйлдвэрлэх ажлын судалгааг хийж, үйлдвэрлэлийн цэгийг сонгон барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Энэ нь нийслэл хотыг маань утаанаас ангижруулах бодит ажлуудын эхлэл болох юм.

Сүүлийн өдрүүдэд олон хоногоор үргэлжилсэн борооны улмаас олон газар цахилгаанаар хязгаарлагдахад манай салбарын хамт олон цаг тухай бүрт нь түргэн шуурхай ажиллаж, эрчим хүчээр ханган байгалийн шалгалтыг амжилттай давлаа. Ердөө 36 цагийн дотор л гэхэд найман аймгийн 58 сумын цахилгаан, эрчим хүчийг бүрэн холбож ажилласан нь энэ салбарт өндөр төвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин ажиллаж байгааг илтгэж буй.

Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нэн тэргүүнд байж, төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа та бүхэнд талархал илэрхийлье.

Ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө цохилох зүрх, Улс орныхоо хөгжил дэвшлийн замд хүргэх зүтгүүр болсон эрчим хүчний салбарын хамт олон та бүхэн Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадраах ариун бөгөөд нэр хүндтэй үйлсдээ улам их амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа үүгээр илэрхийлж мэндчилж байгааг минь хүлээн авна уу.

Монгол Улсын гал голомт мөнхөд бадрах болтугай" хэмээжээ.