Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр "Урилга, ажил, үүргээ амжуулаад явж байна. Наадмаа очиж үзэх гэж яарч явна" хэмээн цахим хуудаснаа нийтлэжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн 6 дугаар сарын 26-нд Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн. Үүнийхээ дараа "АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ир гэж буй юм байна. Над шиг ирж мэдүүлгээ өгөөрэй. Ц.Элбэгдорж үүнийг мэдэж байсан, Ч.Сайханбилэгт нөлөөлсөн гэдгийг сүүлийн гурван жил өөрийнх нь УИХ дээр хэлсэн үг, хэвлэл мэдээлэлд хэлсэн үгнээс нь ойлгомжтой байгаа. Тиймээс энэ байгууллагын хүмүүсийн ажлыг хүндрүүлэхгүйгээр эртхэн ирээд мэдүүлгээ өгчихсөн нь дээр" хэмээн мөн цахим хуудсаараа шууд бичлэг хийж мэдэгдсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хийх үеэрээ "Авлигын хэрэгт холбогдсон нэр бүхий албан тушаалтнууд гадаад руу зугтлаа гэсэн мэдээллүүд ирж байна. Мөн АТГ Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг авчрахаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулж буй гэсэн ч мэдээлэл байна" гэсэн юм.

Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирж, Үндэсний их баяр наадмаа үзэх аж.