Засгийн газраас Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад”  гаалийн хяналтын бүсийг татан буулгах шийдвэр гаргасан. Энэ засгийн тогтоолыг эсэргүүцэж “Цагаан хад хөгжлийн гарц” төрийн бус байгууллага байгуулагджээ. ГЕГ-аас “Цагаан хад”-д гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг авсан есөн хувийн компани, орон нутгийн “Тавантолгой” компани, тухайн хяналтын бүсийг хүрээлэн үйл ажиллагаа явуулдаг хувийн аж ахуйн нэгж, нүүрсний тээврийн компаниудын  төлөөллөөс бүрдсэн иргэд өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. 

Цагаан хад бүсэд байнгын үйл ажиллагаа эрхлэгч 600-700 хүн байдаг. Хэрэв Засгийн газрын шийдвэрээр Цагаан хад гаалийн хяналтын бүс хаагдвал энэ тооны хүн ажилгүй болно. Дээр нь түүнийг дагах ажилгүйдэл, ядуурал, мөн хамгийн их асуудал болж буй хилийн оочер улам нэмэгдэх гэнэ. 

Үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж

  • Цагаан хад гаалийн хяналтын бүсэд 22 хяналтын бүс
  • Нийслэл болон бусад орон нутгаас 10 мянга гаруй жолооч
  • Дэлгүүр 80
  • Техникийн засвар үйлчилгээ -20
  • Шатахуун түгээх станц-10
  • Хайрхан багийн иргэд -713
  • Зорчигч хөдөлгөөн -10 мянга
  • Такси үйлчилгээ 100
  • Гэр гуанз-250
  • Үсчин -2
  • Гэр буудал 200

Таван толгойн нүүрсний экспорт 70 хувиар буурна

Иргэдийн амжиргаа худалдаа үйлчилгээг тооцохгүйгээр томоохон компанийн төлөөлөл гэхэд гурван том уурхай бий. Жишээ болгон орон нутгийн өмчит Тавантолгойг авч үзэхэд нүүрсний экспортынхоо 70 хувийг Цагаан хад гаалийн бүсээр гаргадаг. Энэ хэмжээ буурч мөн тоогоор орлого хасагдаж татварын мөнгө багасна гэдгийг тус компанийн эдийн засагч Ч.Төрмандах хэллээ. 2017 он гарснаар Цагаан хад хяналтын бүсийн гаалиар 2,7 орчим сая тонн нүүрс экспортлосон байна.

 

Жолооч нарыг дагасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нэмэгдэнэ

Өмнөговиос урд хөрш рүү нүүрс гаргахад  гурван янзаар тээвэрлэлт хийдэг байна. Цагаан хадны хилийн бүсийг хаавал уртын урт тээвэрлэлт хийхээс өөр арга замгүй болж байгааг жолооч нар ярьж байна. Хэрэв уртын урт тээвэрлэлт хийвэл 80-90 км түгжрэл үүсч уурхайгаас 245 км-т тээвэр хийх шаардлагатай. 

Мөн уртын тээвэр хийдэг нь  уурхайгаас Цагаан хад хүртэл нүүрс тээвэрлэхийг хэлдэг.  Энэ нь 210-215 км зайд байдаг.

Богино тээвэр гэдэг нь Цагаан хадаас нүүрсээ тээвэрлээд хилийн чанадад гарч худалдаалахыг хэлдэг байна. Цагаан хадыг нүүрсний зах гэж нэрлэж болно. Захаас Хятад худалдаачид сонголт хийж хил давуулан наймаалдаг байна. Хэрэв Засгийн газрын шийдвэр ёсоор “Цагаан хад” хилийн бүс хаагдчихвал 245 км зайд тээвэрлэлт хийх жолооч нарын дунд гэмт  хэргийн шинжтэй үйлдлүүд нэмэгдэж аваар осол, түүнийг дагасан эрүүл мэндийн байдалд ч хүндээр тусдаг байна. 14 хоног автомашин дотроо хонуутаар оочерлодог жолооч нарын дунд дэлгэрсэн “МИМИ” хэмээх Монгол улсад хориглосон мансууруулах шинжтэй бодис хэрэглэх нь газар авна. нөгөө талаар архидан согтуурах нь ч нэмэгддэг гэдгийг хууль хяналтынхан хэлдэг юм.