Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Цагаан сар” урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг орон даяар зохион байгууллаа. Нэгдүгээр сарын 9-нөөс хоёрдугаар сарын 1-ний хооронд хийсэн шалгалтад 2095 худалдааны цэг салбар, 509 хүнсний үйлдвэр, 616 хоол үйлдвэрлэлийн байгууллага,  3297 иргэн, нийт 6517 объект хамрагдснаас 5882 зөрчил илэрчээ. 

Эдгээр зөрчлийн 4200 буюу 71.8 хувийг нь арилгуулсан байна. Мөн Улаанбаатар, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хадгалалтын хугацаа хэтэрсэн 1038 нэр төрлийн 32 сая 172.0 мянган төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгажээ. 

Хаяг, шошгын зөрчилтэй 342 нэр төрлийн 62 сая 513.1 мянган төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүнд татан авалт хийлгүүлж үүсэж болох эрсдлээс сэргийлсэн байна.