“Цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас Санхүү, аж ахуйн албаны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, цагдаагийн алба хаагчдын орон сууцны барилга барихаар шийдвэрлэж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаар тушаалаар ажлын хэсгийг байгуулагдан ажлаа эхлүүлсэн.

Энэ үйл ажиллагааны хүрээнд 180 айлын барилгыг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эхлүүлэн, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр улсын комисс хүлээн авч, 180 алба хаагчдыг орон сууцанд нь оруулахад бэлэн болж, 2018 оны 01-19 ний Баасан гарагт нээлтээ хийхээр төлөвлөөд байна.

“Цагдаа хотхон-Амгалан” нь 15 орц бүхий 9 давхар, давхар бүрт 5 айлтай байхаар 675 алба хаагчийн орон сууцыг зах зээлийн үнээс хямд үнээр буюу 1 мкв-ыг 950.0 мянган төгрөгийн өртөгтэйгээр баригдсан юм.

Мөн автомашины ил ба далд зогсоолын хүчин чадалтай, 1.11 га буюу 30.0 хувийг эзлэх ногоон байгууламжтай, цэцэрлэг, сагсны талбай, хүүхдийн тоглоомын талбайтай байхаар төлөвлөгдсөн.

Гэрээ байгуулснаас хойш алба хаагчдаас орон сууцанд хамрагдах эсэх талаар судалгаануудыг авч нэгтгэн, урьдчилгаа 30 хувийг авч, үлдэгдэл төлбөрийг банкны зээлэнд хамруулах талаар зохион байгуулалтыг хийж эхэлсэн байна.

“Цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр” нь 2019-2020 онуудад үргэлжлэх бөгөөд цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангахаар ажиллаж байгаа юм.

Дээрх орон сууцны ажлын хэсгийг Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар ахлан ажиллаж байна.