Хар тамхины мафиараа дэлхийд зартай Колумбыг утга зохиолоор дэлхийд алдаршуулсан Габриэль Маркес бол "Тэндээ ч од, дэлхийд ч од" дуулиантай зохиолч.

"Миний зохиолд ямар нэгэн ид шид байхгүй. Амьдралын гашуун үнэнийг л бичсэн" хэмээн хэлсэн байдаг. Манайд Габогийн "Зуун жилийн ганцаардал", "Тахлын үеийн дурлал", "Хурандаад хэн ч бичихгүй", "Гунигт янхнуудаа дурсахуй", "Буг чөтгөр болон бусад явдлуудын тухай"  зэрэг олон бүтээл нь орчуулагдсан. 

"Цайлган Эрендира" яг ямар утга санааг өгүүлсэн зохиол вэ?

Хууль бус бүхэн хууль ёсных юм шиг болсон нийгэмд шударга ёсны хэмжүүр юу вэ? Аллагыг аллагаар, цусыг цусаар хариулдаг өршөөлгүй хатуу ертөнцөд зөв бурууг хэрхэн ялгах вэ? Залуудаа янхан явсан, зартай дээрэмчний эхнэр болж үзсэн эмгэн өөрийгөө "хатан хаан " хэмээн төсөөлж, тэр төсөөлөлдөө бүрэн автаж цор ганц ач охиндоо амьдралын хүндийг үүрүүлэх бодит шалтггаан нь юу юм бол? "Гай зовлонгийн салхи эргэж" санмсаргүй байшин шатсаны төлөө арван дөрөвхөн настай,туниагүй, доожоо муутай тэр охиныг албан ёсны янхан болгож өр төлүүлэхээр улайрч байгаа нь байж болох явдал уу? Үлэмж биетэй, цагаан халим шиг тэр эмгэн орчин цагийн дарангуйлалын бэлгэдэлт дүр биш үү. 

Цайлган Эрендира гагцхүү эрх чөлөөг л хүснэ. Тэр оргон зугтахыг оролдох ч мөнгөтэй баян эмгэн хааш нь гаргаахгүй. Бүр сүүлдээ нохойн гинжээр хөлнөөс нь уядаг. Амьдрал хэмээх ахуйн дарамтанд орсон хүний дүр зураг бууна. Эрендирад  Фермерийн эзний хүү ухаангүй дурлажээ. Тэр түүний юу ч хийхэд бэлэн. Гэр  орноо орхих, бүр хүн алахад ч бэлэн. Эрендира эмээгээ алуулахыг хүсчээ.

Хор өгөөд, дэлбэлээд эмгэн үхсэнгүй. Харх шиг долоон голтой амьтан аж. Эрендира бол зургаан жилийн турш тоолж барахын аргагүй эрчүүдэд нухлуулсан үйл лайтай зовлонт нэгэн санагдавч угтаа бол тийм биш ч байж магадгүй. Бие махбод нь буртаглагдсан ч сэтгэл зүрх нь ариун онгон хэвээрээ байгаа эрх чөлөөгөө алдсан сахиусан тэнгэр юм. 

Эрчүүд дэнгийн эрвээхэй шиг шавж, ховсонд орсон мэт ухаан жолоогүй урт дараалал үүсгэн хошуурахыг бодоход Эрендирад бусдыг татах жир бус увьдист чанар байгаа мэт. 

Ямар сайндаа л янхны газар орлоггүй болж биеэ үнэлэгч нар Эрендираг үзэхээр ирдэг шүү дээ. Ямартай ч тэр гэрлэхээс татгалзаж эмээтэйгээ үлдэхийг хүсдэг. Өрөө дарж дуусгаад л үүрд алга болохыг хүснэ. Хууль ёс завхарсан нүглийн орон Эрендирагийн байх газар биш аж. 

Тэр бол тэнгэрээс буусан сахиусан тэнгэр. Халим эмгэнд төлөөс төлөх учиртай л байж. Эрендирад ухаангүй дурласан Улисес гэх залуутай сэтгэлээсээ янагийн жаргал эдэлдэг.  Эцсийн мөчид эмгэнээс хагацахдаа хөөрхий Улисесийн дуудахыг үл тоон буганаас ч хурдан цойлон гүйх Эрендира тэр чигтээ алга болдог. Түүнд эрх чөлөө хэрэгтэй. Эмээгийнхээ алтан хантаазыг шүүрч аваад гарч гүйсэн Эрендира цөлийн хүн тэнгэрт биш далайд оддог тэр утга учрыг мэддэг байсан байх. Түүнийг дахиж хэн ч олж хараагүй. 

Тэр ердөө нүд хуурсан илбэ зэрэглээ мэт замхран одов. Сахиусан тэнгэр хүмүүсийн адгуус мэт араншиг үл тэвчээд буцан одсон мэт санагдана.