Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарч байгаа. Автомашины яндангаас ялгарч буй хорт бодис нь этилт хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, кадми, альдегид бенз(о)пирен диоксин зэрэг хорт бодис агаарт ялгаруулдаг судалгаа бий. Тиймээс автомашины яндангаас ялгарч байгаа хорт утааг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа.

Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллийн санд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нийт 74 бүрэн цахилгаан авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 61 нь төрийн болон хувийн өмчит троллейбус, 13 нь бага оврын ачааны болон суудлын автомашин байна. Захирамж гарснаар байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, цахилгаан тэжээлт автомашины хэрэглээ нэмэгдэж, нийслэл хотын замын хөдөлгөөнд цахилгаан тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй зорчуулах бөгөөд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх юм.  Мөн цахилгаан тэжээлт автомашины цэнэглэгч станцуудыг байгуулж, уг авто машины хэрэглээг цаашид нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлуулан мөрдөж эхэлнэ.

Одоогоор томоохон автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашин үйлдвэрлэж байгаа бөгөөд 15-20 жилийн дараа нийт үйлдвэрлэх автомашины 90 хувь нь цахилгаан болох судалгаа байна.