УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилсан "Цахим бодлогын түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 76.7 хувийн саналаар батлагдлаа.

Дэлхий дахинд мэдээлэл харилцааны технологи ашиглан газар зүйн байршил, хүний амын тоо, эдийн засгийн боломжоос төдийлэн хараат бусаар хөгжлийн шинэ эрэмбэд хүрсэн жишээ, загварыг ашиглан улсын эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломжийг үүсгэн баялаг бүтээх, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай, шударга болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албыг цомхон чадварлаг шуурхай болгох арга зам, дүгнэлт, санал боловсруулах зорилго бүхий “Цахим бодлогын түр хороо” байгуулах зайлшгүй шаардлага үүссэн гэж мэргэжлийн байгууллага, судлаачид, тогтоолын төсөл санаачлагчид үзсэн юм.

 Мөн Улсын Их Хурлын бүтцэд шинээр байгуулагдах Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд уг тогтоолын төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нараас гадна тус Түр хороонд орж ажиллах хүсэлт гаргасан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Б.Ундармаа, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, Л.Болд, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, О.Содбилэг, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, А.Ундраа, Ц.Мөнх-Оргил, Б.Жавхлан, Б.Баттөмөр, Л.Элдэв-Очир гэсэн нийт 26 гишүүнийг оруулах санал мөн дэмжигдсэн байна.

Ингээд гишүүдийн олонх дэмжсэнээр УИХ-ын бүтцэд Цахим бодлогын түр хороо байгуулагдаж, 26 гишүүнтэй ажиллах боллоо. Түр хорооны удирдлага, бүтцийг ирэх долоо хоногт эцэслэн батлах юм байна. Уг түр хороог байгуулснаар иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого, зохицуулалт, хэрэгжилтээр хангах, цахим орчин дахь улсын иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн зах зээлд нийлүүлэх шинэ ажил, үйлчилгээ, баялаг бүтээх боломжийг нэмэгдүүлэх, тодорхой, хэмжигдэж, хэрэгжиж бодит үр дүнд хүрэхүйц санал боловсруулахад эерэг нөлөөлөл үзүүлнэ хэмээн тооцож байгаа юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд тогтоолыг эцэслэн баталж, Цахим бодлогын түр хороог 26 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ