"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ноос цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэхийг хүссэн шаардах бичгийг Ерөнхий сайдад хүргүүлсэн билээ. 

Тус шаардлагын хариуд "Багш нарын хүсч буй цалинг олгоход нэг их наяд, 140 тэрбум орчим төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардагдахаар байна. Энэ бол ирэх оны төсвийн 43.1 хувьтай тэнцэх тоо. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх 2018 оны Төсвийн тухай хуулийн төсөлд төрийн албан хаагчдын цалин хөлсийг улс орны эдийн засаг, улсын төсөвт дарамт учруулахгүйгээр нэмэгдүүлэх боломжийг хангаар ажиллаж байна. Засгийн газраас багшийн цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой болгох шинэ тогтолцоог нэвтрүүлэхэд онцгой анхаарна” гэжээ.

Үүнтэй холбоотойгоор Багшийн цалин нэмүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай хороонд одоогоор хичнээн багш нэгдсэн байна вэ?

-Манай хороонд нийслэл болоод орон нутгийн нийт 16 мянган багш гарын үсгээ зурж нэгдээд байна.

-Засгийн газраас та бүхэнд ойрын хугацаанд цалин нэмэх боломжгүй гэсэн хариу өглөө. Үүн дээр ямар байр суурь, саналтай байна вэ?

-Бид бүх багшийн цалинг нэмүүлнэ гэж шаардаагүй. Зөвхөн СӨБ болон ЕБС-ийн 40 мянган багшийн цалинг нэмүүлэхээр шаардсан. Үүнийг Засгийн газраас олгох боломжтой гэж манай судалгааны багийнхан тооцоолсон байгаа. Багш нарын цалин өнөөдөр наад захын амьдралын хэрэглээнд хүрэлцдэггүй. Бид хийж буй ажилдаа тохирсон цалин авах бүрэн эрхтэй. Үе үеийн Засгийн газар багш нарын цалинг нэмнэ гэсэн мөрийн хөтөлбөрөөр төрд гардаг. Цалин нэмсэн зүйл алга. Одоогийн Засгийн газар хэлсэндээ хүрч цалин нэмж чадахгүй бол огцрох хэрэгтэй. Гадаадын ихэнх улсын багшийн дундаж цалин 4500 доллартай тэнцэж байхад манай улсын багш нар 200 доллартай тэнцэхүйц хэмжээний цалин авч байна.

-Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж байгаа ч мэргэжлийн ур чадвар сул байна гэж үнэлж буй иргэд цөөнгүй байна. Мэргэжлийн ур чадварын тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Бид нар багшийн ур чадвар сул байна гэж бид үздэггүй. Багш бүхэн хүүхдийг сурган хүмүүжүүлэхийн төлөө мэдлэг боловсрол, сэтгэл зүрхээ зориулан ажилладаг, суралцдаг. Гэтэл цалин бага байгаагаас л багш нар Солонгос улс руу олноороо гарч  янз бүрийн ажил хийдэг. Ер нь цалин бага учраас л чадварлаг мэргэжилтнээ бид алдаж байна.

-Цалин нэмэхгүй бол есдүгээр сарын 1-ээс багш нар ажил хаяна гэсэн. Хэрвээ ажил хаявал сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд хохирно. Үүнд хэрхэн хандаж байгаа вэ?

-Ажил хаялт зохион байгуулна гэж бид албан ёсоор зарлаагүй. Ирэх сарын нэгнээс сургууль, цэцэрлэгийн ажилдаа хэвийн оролцоно. Гэхдээ “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ныхон цалингаа нэмүүлтэл тэмцэнэ. Байдал янзандаа байвал ажил хаялт зохион байгуулахыг үгүйсгэхгүй. Дараагийн шатанд хэрхэн тэмцэх талаар багш нар ярилцаж байна. Хичээл орохоос өмнө Сүхбаатарын талбайд суулт хийнэ. Үүнд бүх сургуулийн багш нар зохион байгуулалттайгаар оролцоно.