Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө маргаашдаа баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар, 29-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 10 сарын 1-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, 3-нд баруун аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, сэрүүхэн байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай байна. Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.